“Нээлттэй хаалганы өдөр” баруун сумдад үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-09 14:47:21
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймаг дахь Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Яамны харьяа байгууллагууд аймгийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Хөдөлмөр, Нийгмийн Халамжийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, “Хөгжил” политехникийн коллежийн хамтарсан иргэдийнхээ дуу хоолойг сонсох “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ Ховд аймгийн Жаргалант суманд дөрвөн  өдөр үргэлжилж өндөрлөв.
“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд Жаргалант сумын 12 багийн нийт 400 гаруй иргэн хамрагдаж дээрх байгууллагуудын талаарх мэдээ мэдээлэл болон иргэдийн хамгийн их мэдэхийг хүсдэг халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүүхэд гэр бүлийн талаарх хууль дүрэм, тусгай мэргэжлийн сургалтын давуу тал зэрэг олон төрлийн үйл ажиллагааг сонирхож төрийн үйлчилгээг нэг дороос авч чадсан юм. Тус байгууллагуудын үйл ажиллагааг хөдөө орон нутгийн иргэдэд хүргэх, сурталчлах зорилготой “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ ирэх энэ хоногт Ховд аймгийн Булган, Үенч, Алтай суманд үргэлжилнэ.
Эхний өдөрлөг болсон Булган суманд иргэд дээрх дөрвөн байгууллагаас малчдын тэтгэвэр тогтоолгоход учирч байгаа бэрхшээл,"А" дансны зарим мал тооллогын баримт олдохгүй байгаа тухай, алслагдсан суманд гэр бүлийн хүчирхийллийн болон архи тамхины тухай хуулийг хэрэгжүүлэхэд шат шатны удирдлагууд иргэдэд хууль сайн сурталчилж, хууль сахиулах ажиллагааг чанартай болгох талаар хүсэлт тавьсан байна. Мөн 6 настай хүүхдээ сургуульд оруулахад нэг гэр бүл гурван өөр орчинд амьдрах болдог. Аав нь малаа дагаад отоор явдаг, гэр бүлээсээ холдож хоолтой хоолгүй олон сар жилээр явж ядардаг бол ээж нь сургуулийн хүүхдээ бараадаад сумын төвд дүүгийнх нь хамт амьдардаг ийм асуудал аль ч суманд байна. Тийм учраас малчдын 6 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд гэрээр хамруулж, дотуур байранд бие дааж амьдарч, сурч хөгжих хүртэл ээжтйэ нь хамт байлгах, залуу малчдын халааг тогтвор суурьшилтай ажиллахад төрөөс бодлого баримтлах зэрэг саналыг Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн төв, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний мэргэжилтнүүдэд тавьсан байна.   
 
                                                                                                                                А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ