Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр" эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-03 10:33:16
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймаг дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд болох Ховд аймгийн ГБХЗХГазар, Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар, Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, “Хөгжил” политехникийн коллежийн хамтарсан иргэдийнхээ дуу хоолойг сонсох “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ өчигдөр эхэллээ.
Үйл ажиллагааг нээж Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүх хэлэхдээ, “Ховд аймагт төрийн үйлчилгээг ард иргэддээ хүргэх зорилго бүхий 90 гаруй төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд өдийг хүртэл нээлттэй хаалганы өдрөө талбай дээр зохион байгуулдаг жишиг тогтсоор ирсэн. Харин энэ удаад ХНХЯаманд харьяалагддаг байгууллагууд энэ хэвшмэл байдлыг өөрчилж шинэ санаачлага гарган Жаргалант сумын ЗДТГазартай хамтран дөрвөн  өдрийн турш аймгийн төвийн Алагтолгой, Магсаржав, Жаргалан, Наран, Рашаант, Цамбагарав, Бугат, Буянт, Хайрхан, Тахилт, Бичигт, Баатархайрхан багийн иргэдэд хүрч, орон нутгийнхаа талбар дээр ажиллаж, нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байгаа нь ихээхэн онцлог, үр дүнтэй ажил болж байна” хэмээв.
Тус арга хэмжээнд оролцож буй байгууллагуудын дарга нар байгууллагынхаа талаарх товч таницуулгыг хийж, шинээр мөрдөгдөж байгаа тогтоол журам, төлөвлөлт өнөөгийн байдал болон цаашид ямар чиглэл барьж ажиллах талаар мэдээлэл өгөв. Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр болсон "Нээлттэй хаалганы өдөр"-ийн үйл ажиллагаанд Алагтолгой, Магсаржав, Жаргалан багийн 120 гаруй иргэн оролцож, Хүүхэд гэр бүлтэй холбоотой асуудлууд болон шинэ хууль тогтоомж, хүүхэд хөгжүүлэх дугуйлан секцтэй холбоотой, тэтгэвэр тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгөний тухай асуудлуудыг холбогдох байгууллагуудаас нь тодруулж, өөрсдийнхөө хэрэгцээт мэдээлэл болон төрийн үйлчилгээг газар дээр нь богино хугацаанд авч, сонирхсон асуудлаараа зөвлөгөө мэдээлэл авч байв. Тус үйл ажиллагааны үеэр иргэдийг оролцуулсан танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж Жаргалан багийн иргэн Б.Тунгалаг-Од түрүүлж будаа агшаагчаар шагнуулсан бол Магсаржав багийн иргэн Г.Учрал удаалж индүүгээр шагнуулав. Дөрвөн байгууллагын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр”  Цаст-Алтай цогцолбор сургууль дээр үргэлжлэн явагдаж байна.
                                                                                                                                    А.Бямбасүрэн
 
.

Холбоотой мэдээ