А.Ууганцацрал: Эко хоол хүнс гээд ярихаар монгол ахуй л санаанд буудаг

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-03-30 14:39:40
Дорнод /МОНЦАМЭ/. Эрүүл зохистой хоол хүнс, бүтээгдэхүүн бэлтгэж, түүнийгээ бусдад зааж сургаж танилцуулж яваа эгэл жирийн гэрийн эзэгтэйтэй ярилцлаа. Түүнийг Амарсайханы Ууганцацрал гэдэг. Өдгөө Дорнод аймгийн “Шинэ зуун” сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байна. Тэрээр эрүүл эко хоол хүнсний тухай зөвлөгөө өгч, туршлага судалдаг дөрвөн 4000 гаруй гишүүнтэй “Eva’s eco food” группын админ. Залуухан гэрийн эзэгтэй хэр нь багшийн зав чөлөөгүй ажлынхаа хажуугаар бүхнийг амжуулна. Эко бүтээгдэхүүн боловсруулж, түүнийгээ бусдад зааж таниулахын зэрэгцээ бас шаггүй сайн зураач. Түүний хувьд мандала зураг, уран зураг, Энэтхэгийн алдарт хенна, таke-up гээд сонирхохгүй зүйл үгүй аж.

-Эко бүтээгдэхүүн сонирхох болсон цаг үеэс тань яриагаа эхлэх үү. Сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй амьдрах, органик хүнс хэрэглэх талаар ярьдаг хүн олон болж. Гэхдээ яг амьдралын хэв маягаа болгосон нь цөөн байх?
- Би МУИС-ийг “Монгол судлаач” мэргэжлээр төгссөн. Оюутан байхаас л эртний Монголчуудын цэвэр органик хоол хүнсний хэрэглээ, уламжлалт монгол орц, жорууд сонирхлыг минь татдаг байсан учир судалж, өөрөө туршиж хэрэгжүүлээд гурван жил болж байна.

-Таны хобби тэгвэл эзэмшсэн мэргэжилтэй чинь холбоотой юм байна?
-“Монгол судлал” гэхээр хүмүүс юу судлах юм гээд их гайхдаг. Бид мэддэг юм шиг хэр нь түүх соёл, хувцас хунар, хоол хүнс гээд нарийн арга ухаан, технологио мэддэггүй юм билээ. Их сургуулийн гуравдугаар дамжаанд сурч байхдаа “Орос болон хятад хэлнээс монгол хэлэнд орж ирсэн хоол хүнсний нэршил” гэсэн сэдвээр судалгааны ажил хийсэн. Тэр үед бидний өргөн хэрэглэдэг дийлэнх хоол хүнсний нэршил, төрөл бүгд л хятад хэлнээс орж ирсэн байж таарсан шүү.

-Тэгвэл та эрүүл зохистой Монгол жоруудаас манай уншигчдад танилцуулаач?
-Цэвэр эко хоол хүнс гээд ярихаар монгол ахуй л шууд санаанд буудаг. Миний хувьд багш мэргэжилтэй болохоор зуны гурван сар зав чөлөөтэй байдаг л даа. Тэгээд л хөдөө гарч эмийн ургамал, ногоог байгалиас нь түүж, хатааж боловсруулдаг. Тэр бүгдийг монгол зан заншлаас сурсан мэдсэнээрээ боловсруулж байна. Миний хийдэг бүтээгдэхүүнүүд гэвэл аарцтай дарсан мангир, хөмүүл, таван салаатай зөгийн бал, хатаасан халгай, ганга, зээргэнэ гээд олон төрөл шүү. Манай нутагт халгай, ганга, зээргэнэ, гишүүнэ гээд хоол хүнс, ахуй амьдралдаа хэрэглэж болох ашиг тустай ургамал олон бий.

-Тал нутагт тэр дундаа Дорнодод эмийн ургамал ховор гэж хүмүүс ярьдаг, үгүй дэг ээ?
-Хүмүүс ховор гэж яриад л байдаг. Үнэн хэрэгтээ үгүй юм билээ. Таван салаа, сөд, зээргэнэ, халгай, гишүүнэ, чихэр өвс гээд эмийн ургамлаар арвин. Таван салааг гэхэд үйлдвэрлэл, станц байгаа газраас 2-3 км-ийн зайд очиж түүдэг. Өвөлдөө хэрэглэх ургамлаа түүхийн тулд хавар болмогц голын эрэг дагаад майхнаа бариад гардаг даа.

-Хавар айлчлахтай зэрэгцээд ажил чинь эхэлдэг байх нь ээ?
-Тавдугаар сар гараад халгай ургаж эхлэхэд л миний ажил ундардаг. Өнгөрсөн хавар л гэхэд арваад хүн дагуулж, ургамлаа түүсэн. Хүмүүсээ боломжийн хэрээр цалинжуулна. Тэдний дунд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүн байсан нь үнэхээр сэтгэлээрээ ажилласан. Хаврын сайхан налгар өдрүүдэд нөгөө хэдтэйгээ аялж зугаалах байдлаар аль болох ая тухтай явцгаадаг.

-“Eva’s eco food” группын гишүүддээ бүтээгдэхүүнээсээ худалддаг шүү дээ. Эрэлт их байгаа харагддаг?
-Гишүүддээ зөвлөгөө өгч байх явцад манайхнаас гарсан санаа л даа. Манай группэд хотынхон голдуу. Хавар болуут би энд халгай түүж байна, ингэж хадгалаарай гээд л зургаа оруулмагц та нарын бэлтгэснийг бид авья гээд захиалах жишээтэй. Надад итгэж буй гишүүдийнхээ хүрээнд л багахан хэмжээний бүтээгдэхүүн худалддаг.

-Эко бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш таны эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарав?
-Аль болох эмийн сан орохгүйг л хичээдэг. Гэр бүлийнхнээ хоол ундаар дархлааг нь дэмжиж, байгальтай ойр байлгахыг хүсдэг дээ. Хоол хүнсэндээ ганга хэрэглэж, гангатай дэр хүртэл дэрлэдэг болсон. Миний охин гэхэд өвлийн турш ханиад хүрдэггүй ш дээ. Ханийн маань ходоод их өвддөг байсан. Зөгийн балтай таван салаа ууж хэвшсэнээс хойш ходоод гэхээ больчихсон. Ер нь эмэгтэй хүмүүс цус багадалттай байх нь элбэг шүү дээ. Амьд төмөр гэгддэг хонины дэлүү хүнсэндээ хэрэглэж хэвшсэнээс хойш цус багадалтыг мартсан гээд эерэг өөрчлөлт мундахгүй. Ганц хоёрхон удаа хэрэглээд үр дүн гарахгүй ээ. Хэвшил болгоод дор хаяж 3-4 жил хэрэглэж байж үр дүн нь илүүтэй мэдрэгддэг юм билээ. Эко бүтээгдэхүүн хэрэглээд, байгальд гарч ургамал навч түүгээд ирэхээр сэтгэл зүй хүртэл их сайхан болдог. 

-Та бас их гоё зурдаг шүү дээ?
-Бас нэг хобби маань юм л даа. Оюутан байхаасаа л зурах дуртай. Миний чадан ядан зурсан зураг яруу найргийн номонд орж байсан.

-Мандала гэж их сонирхолтой сайхан зураг байна лээ?
-Мандала зургийг Монголчууд тархины иог гэж нэрлэдэг. Энэ зургийг сонирхоод гурван жил болж байна. Түүхийг нь судалж үзэхэд, Мандала гэдэг нь ариун төв, ариун тойрог гэсэн утгатай санскрит гаралтай үг. Хөгжиж олон янз хэлбэртэй болж байгаа ч дийлэнх нь бөөрөнхий байдаг. Мандалаг гадна талаас нь дотогш, дотор талаас нь гадагш гэсэн хоёр янзаар буддаг. Хэрвээ та бусадтай нээлттэй, бодсон санаснаа шууд бодлогогүй хэлчихдэг, дотоод хүнээ илүүтэй сонсох хэрэгтэй гэж бодож байвал мандалаг гаднаас нь эхэлж будах хэрэгтэй. Өөрийнхөө төв рүү орж байна гэсэн үг л дээ. Харин бүрэг ичимхий зантай хүн өөрийгөө нээж, илэрхийлэх хэрэгтэй бол дотроос нь эхэлж будахыг зөвлөдөг. Мандала зураг будсанаар яарч адгадаг зан маань төлөв төвшин хүлээцтэй болох шинжтэй. Тиймээс долоо хоногт нэг мандала будна гэсэн зорилго тавьчихаад байгаа. Мандала зургийг хүүхдэд будуулах их сайн гэдэг юм билээ. Тиймээс сургуульдаа Мандала зургийн дугуйлан хичээллүүлж эхэлсэн. Дугуйланд маань 7-12 дугаар ангийн 17 хүүхэд хамрагдаад байна.

-Та ер нь зүгээр суудаггүй хүн юм аа даа?
-Нарийн төвөгтэй ядаргаатай зүйл хийх дуртай. Би ер нь яаруу, адгуу зантай. Тэр зангаа сонирхлуудаараа л дарж байна даа. Хенна зурах бас их сонирхолтой. Хенна өөрөө улаан хүрэн, ногоон, бор хүрэн өнгө гаргадаг байгалийн ургамал. Хүний арьсны онцлогоос шалтгаалаад 7-10 хоногт арилчихдаг. Арилдаг шивээс гээд манайхан их сонирхоно оо. Сүүлийн үед цагаан хенна гэж гарчихаж. Байгалиасаа цагаан хенна гэж байхгүй болохоор хүмүүсийг хууртах вий гээд анхааруулмаар санагдлаа.
-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ