Сүхбаатар аймагт 6 дугаар сард гамшгийн иж бүрэн сургуулилт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-29 19:14:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 13 мэргэжлийн алба, 34 мэргэжлийн ангийн 1000 орчим албан хаагч, 20 гаруй техник хэрэгсэл  гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд оролцож, бэлэн байдлаа амжилттай шалгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд, аймгийн Засаг дарга хоорондын байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ирэх 06 дугаар сард тус аймагт гамшгийн иж бүрэн сургуулилт болно. Энэ удаагийн дадлага сургуулилт нь тус иж бүрэн сургуулилтын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах ажлын томоохон хэсэг нь аж.

Сүхбаатар аймагт газар хөдлөх тохиолдол ховор ч тус аймгийн газар нутагт долоон балл магнитудын газар хөдлөх эрсдэлтэй гэсэн судалгаа байдаг. Тиймээс газар хөдлөлт болон томоохон гамшиг осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүл, хамт олноороо боловсруулж, гаргасан төлөвлөгөөгөө энэхүү сургуулилтын үед туршиж тодотгох, иргэдийн бэлэн байдлыг хангуулах өндөр ач холбогдолтой.

“Ирэх 06 дугаар сард болох иж бүрэн сургуулилтын бэлтгэл ажлын нэг бол энэ дадлага сургуулилт юм. Манай мэргэжлийн анги байгууллагуудын хувцас жигдрэлт, бусдаас ялгарах байдал, аранзны хангалт, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал гээд жилээс жилд сайжирч, энэ ажилд ач холбогдол өгч, бэлтгэлээ сайн хангадаг болсон нь дахин ажиглагдаж байна. Эндээс бид цаашид юун дээр анхаарах шаардлагатайг дүгнээд иж бүрэн сургуулилтынхаа нарийн төлөвлөгөөг гаргаж, бэлтгэлдээ орно.” гэдгийг аймгийн ОБГ-ын Төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Энхбат хэллээ.

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга З.Энхтөр онцгой комиссын гишүүд, мэргэжлийн анги байгууллагын удирдлагуудын хамтаар байгууллага бүрийн бэлтгэл байдалтай танилцсан юм. Аймгийн Улаанзагалмай хорооны сайн дурын мэргэжлийн ангийнхны аранзны эмх цэгц, хангалт, бэлтгэл маш сайн байж үлгэр жишээ болохуйц түвшинд байгааг тэрээр онцлов. Тиймээс бусад анги байгууллагууд тэндээс жишээ авч, аранзаа адил түвшинд бэлтгэх шаардлагатайг хэллээ.

Мэргэжлийн анги байгууллагууд төв талбайд нэг дор жагссан бол албан байгууллага болон сургууль цэцэрлэгийн хүүхдүүд, мөн багийн энгийн иргэд заасан аюулгүй талбайд гарч жагсан мөн бэлэн байдлаа шалгуулсан. Иргэдийн бэлтгэл хангасан байдал, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн гамшиг ослын үед авах арга хэмжээ, хэрхэн аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдлэг мэдээлэл үнэхээр сайн байна гэдгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга Т.Энхбаатар дадлага сургуулилтын төгсгөлийн үгэндээ хэлсэн юм. Харин мэргэжлийн анги байгууллагуудын зарим нь мэргэжлийн гэдэг үгний утгыг сайтар ойлгож тэр түвшинд байх ёстойг анхааруулсан юм.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ