Зэвсэгт хүчний 97 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-15 12:58:03
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр”,  Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Батлах хамгаалах хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг иргэдэд суртачлах, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, харилцан ажиллагаатай байгууллага, зэвсэгт хүчний анги салбар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.
Онцолбол гуравдугаар сарын 14-ний өдөр ард иргэдийн дунд ТОЗ-8, автомат бууны буудлагын тэмцээн мөн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын /ҮАБТЧҮББ/ дунд сагсан бөмбөгийн тэмцээн болов. Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 15 баг оролцсоноос Алтай сум дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн баг тамирчид эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус тэргүүн байр эзэллээ. Энэ мэтчилэн хурд хүч, авхаалж самбаа сорьсон спортын тэмцээ болох Хүчит бөхийн барилдаан, хүчний гурван төрлийн аймгийн Аварга шалгаруулах тэмцээн, ҮАБТЧҮББ-уудын баг тамирчдын марш тактик, буудлага, гар бөмбөг, билъярд, дардасны тэмцээнээр үргэлжилж, М.Жанчив баатрын хөшөөнд цэцэг өргөх ёслол, ҮАБТЧҮББ-уудын урлагийн нэгдсэн тоглолтоор өндөрлөх ажээ. 
Энэхүү баярт өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын дарга, Хурандаа Ц.Буянжаргал Алтай нутагт үйл ажиллагаагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдад аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж баярын мэндчилгээ дэвшүүллээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ