Говь-Алтайд 13800 гаруй төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-06 16:14:27
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд 18 сумын нийт 1510352 хээлтэгч байгаа ба энэ нь нийт малын 39.8 хувь нь болж байна. Өнөөдрийн байдлаар төллөх хээлтэгчийн 1,5 хувь болох 14168 мянган толгой хээлтэгч мал төллөж, 13853 мянган төл 96.8 хувиар бойжиж байна.
Энэ жилийн тухайд цаг агаар хүндрэлтэй байсан учир малчид хуц, ухнаа хожуу тавьсан байна. Бугат, Дарив, Тонхил, Хөхморьт сумдын малчид төлөө хараахан хүлээн авч эхлээгүй байгаа бөгөөд гуравдугаар сарын 10-ны өдрөөс төллөж эхэлнэ хэмээлээ. Одоогоор Алтай сум хамгийн их төл буюу 51546 хээлтэгчээс 6039 нь төллөж, 5949  төл 99 хувиар бойжуулж байгаа гэнэ. Гуравдугаар сарын 4-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 315 төл малын хорогдсон дүн мэдээг Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлээд байна.
Говь-Алтай аймагт малтай 10180 өрх байгаагаас 1000 түүнээс дээш малтай өрхийн тоо 746 болж өнгөрсөн оноос 100 өрхөөр нэмэгдэж, мянгат малчдын тоо 746 боллоо. Үүний дотор 2001-ээс дээш малтай өрх 30, 1500-2000 малтай өрх 90, 1000-1499 малтай өрх 626 байна.
Харин 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 3801.7 мянган толгой мал тоологдсоноос адуу 123.7, тэмээ 41.9, үхэр 85.4, хонь 1194.6, ямаа 2356.0, байгаа бөгөөд улсад тэмээ болон ямааны тоогоор 3 дугаар байрт, нийт малын тоогоор 7 дугаар байрт жагсчээ.
2017 онд малын тоогоор эхний таван байранд Цогт /307.5 мянган толгой/, Дэлгэр /287.9 мянган толгой, Эрдэнэ /280.4 мянган толгой/, Тонхил /269.8 мянган толгой/, Халиун /247.8 мянган толгой/ сумд тус тус орсон байна. Адуун сүргийн тоогоор Тонхил, Хөхморьт, Есөнбулаг, Баян-Уул, Халиун сум, үхэр сүргийн тоогоор Бигэр, Есөнбулаг, Халиун, Цогт, Шарга сум, тэмээн сүргийн тоогоор Төгрөг, Шарга, Халиун, Хөхморьт, Цогт сум, хонин сүргийн тоогоор Тонхил, Дэлгэр, Баян-Уул, Чандмана, Халиун сум, ямаан сүргийн тоогоор Эрдэнэ, Цогт, Дэлгэр, Халиун, Цээл сум эхний таван байрт орсон байна.
Э.Нарангэрэл

Холбоотой мэдээ