Энэ жил багш нарыг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулсан нь онцлог болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-27 12:02:01

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг "Сайн багш" хөтөлбөрийн хүрээнд Тосонцэнгэл сумд "Багшийн сэтгэл хүүхдэд" нэртэй гурав дахь удаагийн багш, удирдах ажилтны сургалтыг аймгийн ЗДТГ, аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар, МУБИС-тай хамтран нэгдүгээр сарын 25-аас гурван хоног амжилттай зохион байгууллаа.
"Багшийн сэтгэл хүүхдэд-3" багш, удирдах ажилтны сургалтанд 454 багш, удирдах ажилтан хамрагдлаа. Энэ удаагийн сургалт уулзалт зөвлөгөөнөөр орон нутагт ажиллаж буй багш нар техник технологийн мэдлэгтэй байх ёстой хэмээн хэд хэдэн боловсролын шинэчлэлд санал бодлоо хэлж компьютерийн хэрэглээний программуудыг  хичээлдээ хэрхэн яаж ашиглах, интернэтийн орчноос шинэ мэдээллийг ямар сувгаар олж авах гэхчлэн хичээлүүдийг заалгаж сурчээ. Мөн үеэр багш нарт зөвхөн оюуны хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгтэй хамтран багш нараа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан нь урьд жилүүдийн сургалт зөвлөгөөнөөс онцлог байв. Багшийн сэтгэл хүүхдэд нэртэй жил бүрийн томоохон арга хэмжээгээр дамжуулан ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх багш нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сурагчдынхаа сурлагын амжилтыг ахиулахад онцгойлон анхаарч буй ажил гэдгийг зохион байгуулагчид дахин мэдээлэв. 

Дашрамд дуулгахад өнгөрсөн жил Завхан аймаг "Багшийн сэтгэл хүүхдэд" багш, удирдах ажилтны сургалтыг Улсын тэргүүний "Сант", нийслэлийн тэргүүний "Шинэ үе" бүрэн дунд сургуулиудтай хамтран зохион байгуулж 500 гаруй багш нар энэ арга хэмжээнд оролцсон  юм. Мөн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилтыг нь үнэлэх, урамшуулах олон ажлыг зохион байгуулж эхлээд байгаа билээ.  Тухайлбал, сайн багш нараа малжуулах, газартай болгох, сурагч нь ЭЕШ-нд 800 оноо авсан багшийг 800.000 төгрөгөөр, улсын олимпиадаас алтан медаль авсан сурагчийн багшийг 10 сая төгрөгөөр шагнах зэрэг шийдвэрүүдийг гаргаад буй юм.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ