Шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдол 6.6 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-26 15:02:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын алба хамтран Н.Ганбаатар нар "Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Мөн Булган, Говь-Алтай, Төв аймгийн шүүхийн Тамгын газрын мэргэжилтнүүд цахимаар холбогдлоо.

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбогдуулан 305 шүүгчид холбогдох 197 гомдол хүлээн авсан байна. Өмнөх онтой харьцуулахад гомдолд хамаарах шүүгчийн тоо 8.5 хувиар, гомдол 6.6 хувиар буурчээ. Гомдлын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан шүүгчийн тоо 7 болж өсчээ Нийт ослын 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Мөн 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 40 гомдлыг шийдвэрлээгүй байна. Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд сахилгын хэрэг үүсгэсэн 27 тогтоолын 14 буюу 51.8 хувьд сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ. 2016 онд 1 шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 сарын хугацаатай 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 3 шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг 4 шүүгчид тус тус ногдуулсан байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ