Иванка Трамп Умард Солонгосын төлөөлөгчидтэй огт харьцаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-26 10:46:07
ВАШИНГТОН. /ТАСС/. Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөх асан Иванка Трамп Умард Солонгосын төлөөлөгчидтэй огт харьцаагүй гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.

Тэрбээр хэлэхдээ “Манай улсыг төлөөлөн Пёнчаны өвлийн олимпийн наадмын хаалтын ёслолд оролцохоор Өмнөд Солонгосыг зорьсон төлөөлөгчдийн айлчлал дууссан. Олимпийн тоглолтыг амжилттай явуулсанд нь И.Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон тус улсын тэргүүн хатагтайд баяр хүргэсэн. Тэрбээр Умард Солонгосын төлөөлөгчидтэй огт харьцаагүй” гэжээ.

И.Трамп болон Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Сара Сандерс тэргүүтэй АНУ-ын албаны хүмүүс “Пёнчан-2018” олимпийн хаалтын ёслолд оролцохооор Өмнөд Солонгосыг зорьсон бөгөөд өнгөрсөн баасан гарагт И.Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзсан юм.

Өмнөд Солонгосын эрх баригчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс болон Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, тус улсын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жо нарын уулзалтыг олимпийн наадмын эхний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Талууд уулзалт хийхийг хүсээгүй учир яриа хэлэлцээ болоогүй юм.

 
 

Э.Аянзаяа  

Холбоотой мэдээ