Оросын ард иргэдийн 70 орчим хувь нь В.Путиныг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-22 16:01:33
МОСКВА. /Спутник/. Ирэх сард болох Оросын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй Владимир Путиныг тус улсын ард иргэдийн 70 орчим хувь дэмжиж буй нь хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс харагдаж байна.

“Спутник” агентлагийн мэдээлснээр, Оросын олон нийтийн дунд санал асуулга явуулах төвөөс саяхан явуулсан судалгаанд оролцсон 7000 гаруй хүний 69.5 хувь нь “В.Путинд саналаа өгнө” гэжээ.

Харин санал асуулгад оролцогчдын 7.5 хувь нь Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудининыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-ны ням гарагт болох юм. Ажиглагчдын үзэж буйгаар, энэ сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч В.Путин үнэмлэхүй ялалт байгуулах магадлал өндөр байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ