Өмнөд Солонгос Пёнчаны олимпоос анхны алтан медалиа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-10 20:58:01
КАННЫН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын тамирчин Лим Хё Жүн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 1500 м-ийн шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн төрөлд түрүүлснээр эх орондоо энэ олимпийн анхны алтан медалийг авчирлаа гэж "Ёнхап" агентлаг мэдээлэв.

Өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулагч Пёнчан хотын дагуул хот болох Каннын хотын Канныны цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн талбайд эрэгтэйчүүдийн шорт-трекийн 1500 м-ийн уралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Зохион байгуулагч орны тамирчин Лим  Хё Жүн 2 минут 10 секундэд барианд орсноор олимпийн аварга болсон байна. Тэрбээр анх удаагаа олимпод оролцоод, эх орондоо алтан медаль авчирсан нь энэ юм.

Нидерландын тамирчин Шейнки Кнегт энэ төрөлд хоёрдугаар байрт орсон бол Олон улсын олимпийн хорооны далбаан дор Пёнчаны олимпод оролцож буй Оросын тамирчин Семен Елистратов гуравдугаар байрт оржээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ