Израилийн сөнөөгч нисэх онгоцыг Сирийн талаас харван унагаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-10 12:12:06
ИЕРУСАЛИМ. /Ройтерс/. Сирид ажиллагаа явуулж байсан Израилийн “F-16” сөнөөгч нисэх онгоцыг Сирийн талаас харван унагаасан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Израилийн тал мэдэгдэхдээ “Израиль-Сирийн хилийн дагууух цэргийн байгууламжуудад цохилт өгч байсан манай сөнөөгч нисэх онгоцыг Сирийн талаас харван унагаасан” гэжээ. Сөнөөгч нисэх онгоцны хоёр нисгэгч Израилийн газар нутагт шүхрээр бууж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэргийн дараа Израилийн армийнхан Сири дэх Ираны дөрөв, Сирийн найман байгууламжид агаараас цохилт өгсөн гэнэ.
 
Харин Сирийн тал мэдэгдэхдээ “Израилийн түрэмгийллийн хариуд манай армийнхан Израилийн сөнөөгч нисэх онгоцыг харван унагаасан” гэжээ. Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сирийн нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгт Иран улсын барьсан цэргийн баазуудыг “устгах”-ын тулд Израилийн хүчнийхэн Сирийн хилийг удаа дараалан давсан аж.

Ажиглагчдын үзэж буйгаар, Израилийн сөнөөгч нисэх онгоцыг сөнөөсөн нь зүгээр ч нэг хэрэг биш бөгөөд энэ хэргийн улмаас Израиль болон Сири-Ираны харилцаа хурцдаж болзошгүй.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ