АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга 8 цагийн турш үг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-09 12:30:59
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Нэнси Пелоси энэ долоо хоногийн лхагва гарагт цагаачдын асуудлаар тасралтгүй найман цаг гаруйн турш үг хэлэн дээд амжилт тогтоосон тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, хатагтай Н.Пелоси 10 орчим см өндөр өсгийтэй гуталтай 8 цаг, 7 минутын турш индрийн ард зогсож, олон арван залуу цагаачдын түүх болоод тэднийг АНУ-д үлдээх арга замуудыг хөндөн ярьсан байна. Түүнийг үг хэлж дууссаны дараа Төлөөлөгчдийн танхим дахь намынх нь /Ардчилсан намын/ 50 гишүүн  алга ташин баяр хүргэсэн байна.
 
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын түүхэнд түүн шиг удаан хугацаанд үг хэлсэн хүн байхгүй аж. 1909 онд Ардчилсан намын гишүүн Чемп Кларк 5 цаг, 15 минутын турш үг хэлсэн нь  Н.Пелосигоос өмнө АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд хамгийн удаан үг хэлсэн тохиолдол байжээ. Гэхдээ  Ч.Кларк үг хэлж байхдаа хэд хэдэн удаа завсарлага авч байсан гэнэ.

https://www.youtube.com/watch?v=TxCqn4WmG1Y

Г.Доржханд
 
Холбоотой мэдээ