Баян-Өлгийд хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-03 10:02:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил хүүхдийн эрх зөрчигдсөн талаар хүүхэд, иргэн, байгууллагуудаас 53 өргөдөл ирсэн байна. Тэдгээрийн 21 нь хүүхдийн тусламжийн 108 дугаар бүхий утаст ханджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 32 хувиар өссөн үзүүлэлт аж.

Нийт өргөдлийн 15 нь зөвлөгөө хүссэн бол хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн 14 настай хүүхдийн талаар нэг, бэлгийн мөлжлөгт өртсөн 15 настай хүүхдийн талаар нэг гомдол  гарчээ. Үлдсэн нь гэр бүлийн маргаан, сэтгэл санаа болон бие мах бодийн хүчирхийллийн тухай байжээ.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр тус аймагт хүүхдийн эцэг эхийнхээ хайр халамжид байх, эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах эрх нь ихээр зөрчигдөж байгаа ба энэ төрлийн зөрчил нийт өргөдөл, гомдлын 30 гаруй хувийг эзэлжээ.

Хүүхдийн амьдралын нөхцөл байдал, гэр бүлийн орчин, нийгмийн хандлага, ядуурал, ажилгүйдэл зэрэг хүчин зүйл тэдний эрх зөрчигдөхөд нөлөөлж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. 
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ