Дөрвөн улирлын турш ажиллах Нарлаг хүлэмжийг 80 сая төгрөгөөр барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 16:08:00

Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар дөрвөн улирлын турш ажиллах нарны хүлэмжтэй боллоо. Хүлэмжийн барилга дуусч ирэх оны гуравдугаар сард анхны тариалалтаа хийнэ. Уг хүлэмжийг  орон нутгийн 80 сая төгрөгөөр “Зэсийн булан” ХХК барьсан ажээ.

Нийт 600 м.кв талбайтай уг хүлэмж нь зузаан хучлагатай бөгөөд өвлийн улиралд шөнөдөө халуун агаараар үлээх зориулалтын нам даралтын зуухтай, усалгааны шугамтай гэнэ. Хүлэмжийн ялтсан хуулгыг жилд нэг удаа солино. Монгол Улсад одоогийн байдлаар ийм хүлэмжийн тогтсон стандарт байхгүй тул Улаанбаатар хотод хувийн хүлэмжтэй иргэнээс туршлага судалсан гэж Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын дарга Б.Анхбаяр хэллээ. Уг хүлэмжид эхний ээлжинд 17 төрлийн мод, бут, сөөгийн суулгацыг тарина. Мөн хотын ногоон байгууламжийн чимэглэлийн цэцэг тарих гэнэ. Ингэснээр цөөн наст ургамалд зарцуулдаг төсвийг хэмнэх  боломжтой гэж үзжээ. Дөрвөн улирлын турш ажилладаг нарлаг хүлэмж нь улсын хэмжээнд 20 гаруй байдаг бөгөөд үүний 20 нь Улаанбаатар хот, нэг нь Дархан-Уул бас Төв аймагт байдаг гэнэ. Эдгээр нь бүгд хувийн хөрөнгөөр баригдсан байдаг бол Орхон аймаг  улсдаа анх удаа төсвийн мөнгөөр хүлэмжтэй болсон нь энэ юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ