Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-18 18:58:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж батлав.

Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт “Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байна. Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн  3 гишүүнийг УИХ-ын холбогдох Байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож, УИХ томилно” гэж заасны дагуу Засгийн газраас санал болгох гурван гишүүний асуудлыг Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг санал болгохоор шийдвэрлэж, албан бичгээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ирүүлсэн байна. Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой хугацаагүй томилдог, түүнчлэн Зөвлөлийн гишүүдийг нэр зааж батлах нь тэд ажил, албан тушаалаасаа өөрчлөгдөх тухай бүрд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах шаардлагыг үүсгэж байгаа тул Зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар нь томилж ирсэн уламжлалыг баримтлах нь зүйтэй  гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

 
Н.Туяа

 
Холбоотой мэдээ