Газрын тосны хайгуулын ажилд шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-14 18:27:31
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумд хийгдэж буй газрын тосны хайгуулыг  2015 онд тус сумын Товгор 5 дугаар багт хийсэн бол энэ жил Зүүнхаяа 6 дугаар багт хийж байна. Харин хайгуулын ажиллагааг эсэргүүцэгчид олон нийтийн цахим сүлжээнд багагүй асуудал үүсгэж, тэмцэл өрнүүлэхэд уриалаад байгаа юм.
Саяхан Бөөнцагаан орог нуурын сав газрын захиргаа, Бөөнцагаан Байдраг голын сав газрын зөвлөлөөс энэхүү хайгуулын үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ. Хайгуулын үйл ажиллагаа сумын төвөөс 50 орчим километрийн зайтай явагдаж байна. "Зүүн урдаас баруун хойш чиглэлд 25 км-ийн урттай гурван шугамаар, үүн дээрээ 10 км-ийн урттай таван хөндлөн шугам хайгуул хийгдэхээр байна. Нуур гол мөрөн сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйл одоогоор байхгүй. Олон зам буюу тодруулбал дээрх шугамын дагуу найман зам гарна, үүнийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийх боломжтой байна" гэдгээр тус компани, ТББ-ын төлөөлөлд ажлын хэсгээс зөвлөмж хүргүүлээд ирсэн байна.
Энэ талаар Баацагаан сумын Засаг дарга С.Оюунболд хэлэхдээ, "Сүүлийн үед цахим ертөнцөөр газар нутгаа худалдсан, зарж борлуулсан гэдэг мэдээ мэдээлэл ихээр явж байна. Сум орон нутгийн удирдлагууд тус хайгуулын үйл ажиллагааг хуулийн хүрээнд хийлгэхэд хяналт тавих зэрэг ажлуудыг шат дараатай авч ажиллаж байгаа.  "Капкорп монголиа" ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 235 дугаар тогтоолоор баталсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай суманд ажиллаж байгаа юм" гэв.
                                                                                                                               Б.Мөнхзул
Холбоотой мэдээ