Идэр есийн хүйтнээр малчид нутаг сэлгэн нүүж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-14 11:01:09
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн зарим сумын малчид өвс тэжээл муутай, цас ихтэй, хүйтэн байгаагаас өөрийн аймгийн өөр сумдын нутагруу, өвөлжөөнөөсөө хаваржааныхаа бүс нутагруу нүүдэллэж байна.

Өнгөрсөн өдрүүдэд л гэхэд Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан, Хужирт багийн малчдын 50 хувь нь Алтай сумын Бодонч багийн нутаг руу нүүжээ. Мөн Чандмань, Дарви сумын зарим багийн малчид  идэр есийн хүйтнээр нутаг сэлгэн нүүдэллэж байгааг сум, багийн удирдлагууд хэлж байв. Өвлийн ид хүйтэнд малчид бэлчээр өвс ургамал муутай, бэлчээрийн даац хэтэрсэн, цас ихтэй учраас ийн ид өвлийн хүйтэнд нүүдэл хийж байгаа ажээ.

Сүүлийн өдрүүдэд  үргэлжлэн орсон цас, зудын улмаас Ховд аймгийн хэмжээгээр нийтдээ 3904 толгой мал хорогдоод байна. Учир нь өвс тэжээл муутай, цас ихтэй, хүйтэн байгаагаас гол төлөв ямаа хотондоо дарагдан хорогдож байна.  Зундаа хур бороо багатай, өвс ургамлын гарц муу гантай байснаас энэ удаагийн цас мал, малчдад зуд, хорогдол дагуулж байна.
Хэрэв бэлчээрийн өвс ургамал сайтай байсан бол энэ хэмжээний цас "Зуд" биш харин хүн малд ундны ус, байгаль, бэлчээрээ сэргээн тэтгэх шар тос болно гэдгийг уулзсан малчид хэлж байв. Байгаль цаг агаар хүндрэх нь тодорхой байсан болохоор малчид өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан зохих хэмжээний өвс хадлан бэлтгэж нөөцөлсөн байна. Гэвч бэлтгэж нөөцөлсөн өвс тэжээл нь өвөл хаврын турш малаа тэжээхэд хүрэлцэхгүй хэмээж байна.
 
                                                                                                                     А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ