Төгсөлтийн дараах сургалтын бааз байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-11 10:55:31
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын бааз байгуулагдана. Сургалтын баазын үйл ажиллагаанд орон нутгаас 50 сая төгрөг төсөвлөжээ.

Ийм бааз байгуулагдсанаар Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн эмч нар Орхон аймгийн БОЭТ-д хүүхэд, халдварт, гэмтэл, дотор, яаралтай тусламжийн чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, мэргэших боломжтой болох юм. Өмнө нь хөдөө орон нутгийн эмч нар Улаанбаатар хотод төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж мэргэжлээ дээшлүүлэх, нарийн мэргэжил эзэмшдэг байжээ. Тодруулбал, Анагаахын их сургуулийг төгссөн оюутан дотор, халдварт, гэмтлийн эмч болохын тулд төгсөлтийн дараах сургалтын бааз буюу томоохон эмнэлэгт очиж онол, дадлагын сургалтад хамрагддаг байна. Тэгвэл Орхон аймагт ийм бааз байгуулснаар эмч нарын ур чадвар сайжирч хөдөө орон нутгийн эмнэлэгийн харилцаа, холбоо өргөжих ач холбогдолтой юм. Орхон аймгийн БОЭТ-д төвлөрч ажиллах сургалтын баазад найман эмч хүүхэд, гэмтэл, дотор, яаралтай тусламж гэсэн мэргэжлээр сургалт явуулна. Эдгээр эмчид  Жайка олон улсын байгууллагын эмч нар хэд, хэдэн удаа сургалт явуулсанаар “Сургагч багш” болгожээ.  Сургалтын баазын тоног төхөөрөмж, гарын авлагыг Жайка олон улсын байгууллагаас өгөх ажээ.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ