Д.Хаянхярваа: Төрийн тэргүүн парламентыг тараана хэмээн ярьж буй нь буруу

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-08 16:35:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Монгол Улсын Засгийн газраас 2018-2019 онд голлон анхаарч хэрэгжүүлэх ажлуудын талаар болон Агаарын бохирдлыг бууруулах УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсч, хариулт авчээ.

Хуралдааны талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газраас гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт, 900 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын талаар сонсгол хийлээ. Үүнд гишүүд асуулт асууж, хариулт авсан. Засгийн газар үндсэндээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ажилгүйдэлтэй холбоотой асуудалд голлон анхаарч ажиллана. Мэдээж уул уурхайн салбар бидний анхаарлын төвд байна. Үлдэж байгаа хугацаанд ямар тодорхой томоохон төслүүдэд анхаарал хандуулж ажиллах вэ гэдгийг намрын чуулганд тодорхой санал гаргаж, хаврын чуулганаар хэлэлцээд явахаар тохиролцсон" гэлээ. 
Мөн бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай байсан бөгөөд бүх түвшинд анхаарч, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тус бүлэг дүгнэжээ. Иймээс Засгийн газарт УИХ-ын хаврын чуулганд утааны асуудлаар ямар арга хэмжээ хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгөх талаар санал боловсруулж оруулж ирэх үүрэг өгөх болсон байна. Түүнчлэн утааны асуудлыг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийн талаар ч ярилцахаар тохирчээ. Энэ хүрээнд агаарын бохирдол, утааг бууруулахын тулд зуух, цахилгаан халаагуур, хийг ашиглахаар бол ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй байх талаар Засгийн газар тодорхой санал оруулж ирэх аж. Мөн нийслэлийн хөрсний бохирдлыг агаарын бохирдолтой хамт шийдэх ёстой гэдгийг олон гишүүн онцолжээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Агаарын бохирдлыг бууруулахад шийдвэртэй алхам хийхгүй бол УИХ-ыг тараах санаачилга гаргана гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдсэн. Та харин эсрэг байр суурь илэрхийлсэн?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригийн чуулганд оролцохдоо Цагаан сар гэхэд утааг бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараах чиглэлээр идэвхицтэй хөөцөлдөнө гэсэн утгатай үг хэлсэн. Тодорхой ажил хийлээ гэхэд сар гаруйн хугацаанд хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Цагаан сар гэхэд агаарын бохирдлыг тэдэн хувир бууруулна гэж бид ард түмэндээ худлаа ярьж болохгүй. Монгол төрийн тэргүүн парламентыг тараана гээд яриад сууж байгаа нь буруу. Нийгэмд Ерөнхийлөгчийн зөв, буруу гээд ярилцаж байна. УИХ тарж болно. Гэхдээ УИХ тарснаар ямар хор холбогдол дагуулах вэ гэдгийг бодох ёстой. Төр тогтворгүй байх нь улс орон тогтворгүй болохын үндэс болдог.  Монгол Улсын эрх ашгийг тэргүүнд тавьж явах ёстой.

-Агаарын бохирдлыг бууруулах тухай ярихаар л Засгийн газар агаар цэвэршүүлэгч, маск тараана гэх юм. Өөр арга байдаггүй юм уу, бүлэг дээр энэ тухай ярьсан уу?

-Утаа урьд жилүүдийнхээс их байгаа. Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалахын тулд эхний ээлжинд амны хаалт, агаар цэвэршүүлэгчээр хангах арга хэмжээг зохион байгуулж байгаа юм билээ. Хуулийн дагуу зөв явж байна уу гэдэгт хяналт тавих боломж бүгдэд нь байгаа учраас хяналтаа тавих ёстой.

-Ерөнхий сайд болон Сангийн сайд татварын асуудлыг эргэн харъя гэдэг зүйлийг хэлсэн. Бүлэг дээр энэ асуудал яригдсан уу?

-Татвартай холбоотой асуудал яригдсан. 1.5 сая төгрөгөөс дээших орлогод шатлалаар татварыг нь нэмэхээр хууль баталсан. Гэтэл нийгэмд буруу ойлголт яваад байгаа. Бүх татвар 25 хувь болсон гэж. 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой зарим иргэдийн хувьд ажил мэргэжлийнх нь онцлог  байдаг юм байна. Энэ асуудлыг харгалзаж үзэх ёстой гэж бүлгийн гишүүд хэлсэн. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд Монголд ирж ажиллана. Энэ үеэр Засгийн газар асуудлыг танилцуулна. Хамгийн зөв шийдэж болох судалгааг мөн хийж байна гэдэг мэдээллийг өгсөн.

-Япон, Канад, АНУ-д суух Элчин сайд нарын асуудлыг шийдэлгүй долоо сар боллоо. Үүнийг ярьсан уу?

-Элчин сайд нарын асуудал болон гадаад харилцаатай холбоотой асуудлыг нэлээн ярьсан. АНУ, Канад, Япон гэсэн гурван гүрэнд Элчин сайдаа томилох асуудлыг өмнөх Ерөнхийлөгч шийдээд, тухайн орон нь Элчин сайдаар авъя гэдэг зөвшөөрөл нь ирчихсэн байхад Ерөнхийлөгч Х.Баттулга шаардлага хангахгүй хүмүүс гэдгээр хойшлуулаад хүлээлгэж байгааг ойлгохгүй байгаа, үнэндээ. УИХ, Ерөнхийлөгч шийдвэрээ гаргачихсан юм шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлигийг албан бичгээр үгүйсгэж болохгүй.  Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгоё гэвэл зарлигаар хүчингүй болгох ёстой болохоос биш Засгийн газар луу албан бичиг шидчихээд суугаад байх асуудал биш. Ерөнхийлөгч ойрын үед анхараал хандуулж, гурван Элчинг томилно гэж найдаж байна. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ