Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар 37 удаа хуралджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-08 09:00:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэц 2017 онд иргэдээс ирүүлсэн 170 орчим өргөдөл, мэдээлэл, гомдлыг хүлээн авч, нийт 37 удаа хуралджээ.

Үүнээс Бага суудлын хуралдаан 26, Дунд суудлын хуралдаан ес, Их суудлын хуралдаан хоёрыг тус тус хийж, Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2,  дүгнэлт 7,  магадлал 29 гарсан байна. Их суудлын хуралдаанаар УИХ-ын холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай  маргааныг хянан шийдвэрлэж 2 тогтоол тус тус гарган холбогдох хуулийн заалтыг хүчингүй болгов.

Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сонгуулийн тухай,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг тус тус хянан шийдвэрлэж дүгнэлт гаргажээ..Эдгээр дүгнэлтийн 5 нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн агуулгатай гарсан бол 2 нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан байна. Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан  дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч холбогдох хуульдаа өөрчлөлт оруулжээ.

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар 200 орчим иргэдийг хүлээн авч хууль зүйн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ