АТГ-ын алба хаагчдын цалин нэмнэ гэдэг нь ташаа мэдээлэл гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-26 14:20:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, "Авлигатай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. 2014 онд прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор 27 албан хаагчаар орон тоо нэмэгдсэн. Нэмэгдсэн орон тоог УИХ-ын тогтоолоор баталгаажуулж амжилгүй явсаар өнөөдрийг хүрсэн. 145 хүний орон тоо дээр прокурорын Мөрдөн байцаах албанаас ирсэн 27 албан хаагч нэмэгдэж 172 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг нь тогтоолоор баталгаажуулж байгаа юм. Түүнээс биш алба, хэлтэст өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй.

Үүнтэй холбоотойгоор цалингийн асуудал яригдаж байгаа. Цалин нэмэгдэж байгаа зүйл байхгүй. Ер нь бол АТГ-ын албан хаагчдын цалинг нэмэх шаардлага бол бий. АТГ-ын албан хаагчид шүүгчдээс 50 хувиар бага, прокуроруудаас 1.5 дахин бага цалин авдаг. Гэвч ОУВС-тай манай улсын хийсэн тохиролцооны дагуу төрийн албан хаагчийн цалин тэтгэмжийг нэмэхгүй байхаар болсон. Тийм учраас бид цалин нэмэгдүүлэх асуудлыг тавих боломжгүй.

2014 онд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмсэн. Тэр нэмэгдэл тухайн үедээ цалингийн сандаа ороод баталгаажаад явж байсан. Гэхдээ УИХ-ын тогтоолоор АТГ-ын цалин, орон тоо, төсвийг баталдаг хуультай. Энэ дагуу УИХ-ын тогтоолоор баталгаажуулахаар энэ асуудлыг тавьсан. 2014 оны 11 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор нэмэгдсэн цалингийн асуудлыг УИХ-д оруулахаар асуудал тавьсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад шийдэгдэж чадаагүй. 2014 оны төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг тогтоолоор баталгаажуулах асуудал яригдаж байна гэсэн үг" гэсэн тайлбарыг хийв.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж тайлбар хийсний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ