Францтай хамтрахад Иран бэлэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-18 10:02:57

ТЕГЕРАН. /IRNA/. Терроризмтой тэмцэх хүрээнд Францтай хамтран аюулгүй байдал, тагнуулын салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухан хэлжээ.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярихдаа, “Лалын шашинтнуудаас айдаг болгохыг террористууд хүсч байна. Тэр этгээдүүд өөрсдийгөө лалын шашинд хамааруулж чадахгүй. Цус урсгах нь лалын ёс биш” гэж Роухан хэлсэн байна.

“Ирак, Сири дэх террористуудыг устгах нь олон улсын нэн тэргүүний зорилт юм. Олон улсын хамтын нийгэмлэг нэгдсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Хүчирхийлэл, зэрлэг балмад үйлдэлд улс орнууд бууж өгөхгүй” гэж тэрбээр хэлээд, дэлхийн хэмжээнд терроризмтой тэмцэх нэгдсэн арми байгуулахыг Иран хүсч буйг нэмж хэлэв.

Мөн тэрбээр Иран Улс, Ираны Засгийн газрын өмнөөс Францад ахин гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Ийм аймшигт гэмт хэрэг үйлдсэнээр, “Лалын улс” бүх улс оронд дайн зарлалаа гэж Роухан хэлжээ.

'Терроризмыг үндсээр нь устгахын тулд бүх улс ханцуй шамлан, хамтарсан төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тэдний санхүүжилтыг таслан зогсоож, зэвсэглэдэг, цэргийн сургууль явуулдаг газрыг хаах хэрэгтэй.  Терроризмын сөрөг үр дагаврыг Иран ойлгож буй бөгөөд дэлхийн аль ч хэсэгт террористуудыг устгах ажиллагаанд оролцоход бэлэн” гэж тус улсын Ерөнхийлөгч хэлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ