ИТХ-ын төлөөлөгчдийг төрийн албан хаагчдаас бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-07 10:22:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулж батлав. Үүний дараа товын дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Засгийн газар уг хуулийн төслийг буцаан татах хэрэгтэй. Энэхүү хуулийн төслийг олонхиор батлавал нэгдүгээрт УИХ-ын дарга хууль зөрчсөн болно. Хоёрдугаарт Үндсэн хуулийн цэц дээр очоод унана" гэсэн эсрэг байр суурьтай байв. Хуулийн төсөлд ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1 нь төрийн албан хаагч байж болохоор тусгасан бөгөөд АН-ын бүлгийн зүгээс удаа дараа уг шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж, Үндсэн хуулиас гадна холбогдох хуулиудыг зөрчиж байна хэмээн үзэж буй.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр хууль батлагдлаа. Үүгээр ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1-ийг төрийн албан хаагчдаас бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдэв.

Б.Туул
Холбоотой мэдээ