Завханы долоон сум үлийн цагаан оготнотой тэмцэх төхөөрөмжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-06 17:07:15
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн долоон сумын 30 баг үлийн цагаан оготнотой тэмцэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй боллоо. Энэхүү тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 40 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээний хүрээнд 64 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсний дагуу олгожээ.
Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаа, 2018 онд малын тэжээл тариалах сумдын судалгааг үндэслэн хамгийн их тархалттай байгаа Завханы Баянтэс, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Идэр, Тэлмэн, Шилүүстэй сумын 30 багт үлий утагч, үлий цөмлөгч төхөөрөмжүүдийг өгсөн байна. Бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэхэд шаардлагатай энэхүү дэвшилтэт техник, тоног төхөөрөмж нь 2015 оны Инновацийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж, 2016 оны Залуу зохион бүтээгчдийн улсын уралдааны шилдэг 44 бүтээлийн нэгээр шалгарсан бүтээл юм. Тодруулбал Завхан аймгийн Тэлмэн сумын зураг төсөл, технологийн багш О.Баттулга, түүний шавь нарын бүтээл ажээ.  Энэ төхөөрөмж нь аргал, хомоолын утаагаар утах зориулалттай, бензин шатахуун хэрэглэдэггүй, эдийн засгийн хэмнэлттэй бүтээл юм байна. Мөн үлийн цагаан оготныг олноор нь устгах давуу талтай үлий цөмлөгч төхөөрөмжийг ХХААХҮЯ-ны санхүүжилтээр мөн олгожээ. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашиглан цаашид орон нутгийн санхүүжилтээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэнэ. Дээрх сонгогдсон долоон сумын Засаг дарга, багийн дарга, хариуцсан мэргэжилтнүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас төхөөрөмжийг хэрхэн ажилуулах талаарх сургалтыг зохион байгууллаа. Ирэх хавар Завхан аймаг үлийн цагаан оготнотой тууштай тэмцэнэ хэмээн төхөөрөмжийг гардуулах үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэллээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ