Монгол-Японы дипломат харилцаа бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц хөгжиж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-05 17:07:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож буй. 
Ойн хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яам, Япон Улсын Элчин сайдын яам хамтран ГХЯ-ны хурлын танхимд “Монгол, Японы харилцаа” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Тус хурлыг нээж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, "Манай хоёр улс 45 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан цагаас хойш Монгол Японы харилцаа хэлбэрэлтгүй урагшилж, эдүгээ бүс нутагт үлгэр жишээ болохуйц стратегийн түншлэлийн түвшинд хүрч амжилттай хөгжиж байна. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол, Японы харилцаа 1996 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Нэн ялангуяа сүүлийн 10 гаруй жилд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт урагшилж дээд өндөр түвшний итгэлцэл гүнзгийрч, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр зэрэг нэн чухал баримт бичгүүдээр агуулга нь баяжигдаад байна” гэв.



Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар энэ үеэр хоёр орны харилцаа нь улс төр, эдийн засаг, соёл урлаг-спорт, олон нийтийн байгууллага, иргэд хоорондын болон бүсийн нутгийн хамтын ажиллагааны түвшинд эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжиж байна. Үүний нэг томоохон илрэл бол эдүгээ Монголын ард түмэн Японы ард түмнийг эерэгээр ойлгож харилцдаг болсон. Мөн Монголын талаарх Япон хүмүүсийн хандлага бэхжиж гүйнзгийрсэн болохыг онцоллоо.  Тэрбээр цааш хэлэхдээ, “Хоёр улсын харилцааны түүх баялаг бөгөөд онцлог мөн үсрэнгүй дэвшилттэй. Ярих түүх арвинтай ч товчлон дүгнэхэд 45 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа танигдахааргүй хөгжсөн. Бие биеэ чухалчилж үздэг стратегийн дотно түнш хэдийн болжээ. Зөвхөн нэг тоог дурдахад ардчиллыг хөгжүүлж байсан он жилүүдэд манай улсад гадаад улс орнуудын үзүүлж байсан зээл тусламжийн гуравны хоёр буюу нийт 3,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Япон Улс дангаар оруулсан байна” гэлээ.


Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг мөн үеэр хэлэхдээ дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгааг тэмдэглээд, "Цаашдын харилцаагаа улам өргөтгөхөд манай талаас анхаарах шаардлагатай асуудлууд бий. Өнөөдрийн байдлаар Япон Улсаас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 420 сая ам.доллар, хоёр орны худалдааны эргэлт 500 сая ам.доллар байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Худалдааны эргэлт энэ оны төгсгөлд өссөн дүнтэй гарна гэж найдаж байгаа. Яагаад гэвэл манай улсаас 5700, Япон Улсын 9300 нэр төрлийн барааг татвараас чөлөөлж байгаа ба энэ нь ч үр дүнгээ өгнө гэж харж байна" хэмээв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ