Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналд бүтээлээ дэвшүүлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-05 16:02:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналын 2018 оны шалгаруулалтыг УИХ-аас албан ёсоор зарлалаа.

Энэхүү шагналыг үнэлэгдэхүйц бүтээл туурвисан нэг хүн эсвэл нэг судлаачдын багт жил бүр олгодог. Дэвшүүлж буй бүтээл нь парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр туурвисан, дотоод гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн, эсвэл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн, бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх шаардлагыг хангасан байх юм.
 
Шагнал нь УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, таван сая төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрдэх бөгөөд шагналыг Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Төрийн ордонд гардуулна. Уг шагнал олгох арга хэмжээг 4 дэх жилдээ УИХ-аас зохион байгуулж байгаа бөгөөд нэр дэвшүүлж буй бүтээлийг энэ сарын 15-ны өдрийн дотор УИХ-ын Тамгын газар хүргүүлсэн байх аж.
Б.Туул
Холбоотой мэдээ