Эдийн засгаа сэргээх тал дээр хурдтай ажиллахыг Засгийн газраас шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. 2012-2016 онд суурь эдийн засгийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон бүтээн байгуулалтын ажлуудыг улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр сөргөөр сурталчилж байгааг няцааж Ардчилсан нам өнөөдөр мэдэгдэл гаргажээ.
2012 онд 4,4 тэрбум ам.доллар байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2014-2015 оны нийлбэр дүнгээр 386 сая ам.доллар болж буурснаар 2013-2014 онд эдийн засагт 6.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөний нийлүүлэлт дутагдаж эхлэхэд Ардчилсан намд хямралыг зогсоох, эдийн засгийг дэмжихээс өөр гарц байгаагүй. Бодит үр дүнгээ өгсөн энэхүү бодлогыг илт мушгин гуйвуулж үгүйсгэх, гардан хэрэгжүүлсэн төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийг гүтгэх, гэмт хэрэгт хамаатуулах оролдлогууд гаарч, олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэж байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр 2008-2012 онууд дахь Оюутолгойн хөрөнгө оруулалтаас үүссэн эдийн засгийн огцом тэлэлтийн сөрөг үр дагавар болон инфляцийн хөөрөгдлөөс бий болсон үнийн огцом өсөлтийг хязгаарлаж, ганц тулгуурт уул уурхайн хараат эдийн засгийн хямралыг зогсоож чадсан.
Гэтэл энэ оны төсвийн алдагдал Монгол улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу 2 их наяд 711 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь АН эрх барих дөрвөн жилийн хугацаанд элдвээр гутаалган байж их бүтээн байгуулалтыг өрнүүлэхдээ ашигласан Чингис, Самурай бондын мөнгөн дүнг хоёр дахин нугалах хэмжээний их өр юм. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгддэг нийтэд “чимээгүй хулгайч” гэж нэрлэгддэг инфляц нэг жилийн хугацаанд даруй таван хувиар нэмэгдэж цаашид үргэлжлэн өсөх хандлагатай байна. Иймд уул уурхайн гадаад зах зээлд үүссэн таатай нөхцөлийг ашиглаж орлогын зохистой менежмент хийх, эдийн засгийн үндсэн суурийг төрөлжүүлэх төслүүдийг эхлүүлэх, бизнес, бүтээн байгуулалтыг дэмжиж эдийн засгаа сэргээх, иргэдээ ажилтай, орлоготой байлгах талаар санаачилгатай, хурдтай ажиллахыг Засгийн газраас шаардаж байна" гэжээ.
Б.Туул