"Талибан"-ыхан Пакистаны коллеж руу халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-01 15:49:49
ПЕШАВАР. /Ройтерс/. Пакистаны Пешавар хотын Хөдөө аж ахуйн коллежийн дотуур байр руу өнөө өглөө гурван зэвсэгт этгээд дайран орж, есөн хүнийг хөнөөж, 11 хүнийг шархдуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Зэвсэгт этгээдүүдийг бүгдийг нь хэргийн газарт устгасан гэж тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.  Энэ халдлагын хариуцлагыг лалын босогчдын “Талибан” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.

Амь үрэгдсэн есөн хүний найм нь оюутан бол нэг нь цагдаа аж.

Шархадсан нэгэн оюутан ярихдаа “Зэвсэгт этгээдүүдийг дайрч орж ирэхэд бид унтаж байсан. Буун дуунаар бид бүгд цочиж сэрсэн. Хүмүүс “Талибууд халдаж байна” гэж хашгирцгааж, зугтацгаасан” гэжээ.

Афганистантай залгаа хилээс холгүй орших Пешавар хотод талибууд сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэг бус удаа халдлага үйлдсэн юм. Тухайлбал, 2014 онд “Талибан”-ы босогчид тус хотын армийн харьяа сургууль руу дайран орж, сурагчид голдуу 141 хүнийг хөнөөж байсан билээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ