Хөшөө чулуунуудыг судлуулахаар хүсэлт гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-29 13:22:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт байх Бага уушиг гэдэг газрын хөшөө чулуунуудыг судлуулахаар хүсэлт гаргалаа. 
Тус багийн Засаг дарга Б.Нямдоржийн ярьснаар 10 орчим метр газраар үргэлжлэх хүний гараар газарт суулгасан нь илт 20 орчим хөшөө чулууг тухайн нутгийн малчдаас өөр хэн ч мэддэггүй гэнэ.
Хос хосоор нь байрлуулсан хөшөө бүрийн хажууд газарт ямар нэгэн дүрсүүдийг чулуугаар хийж шигтгэн орхисон байдаг байна. Энэхүү хөшөө чулуунууд нь хэзээ хэн босгосон болох нь тодорхой бус тул судлуулахаар сумынхаа Соёлын төвд хандаад байгаа аж.
Өгөөмөр багийн нутаг Олгой хөндий нь тус багийн есөн гайхамшгийн нэг юм байна. Тус хөндийд байх Бага уушиг гэх уг газар буй эдгээр чулуун хөшөөнүүд нь түүхийн үнэт олдвор ч байх магадлалтай гэж нутгийнхан үзэж байгаа аж. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ