Увсчууд усаа зүй зохистой, тэгш хүртээмжтэй хэрэглэж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-11-17 11:22:26

Өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн Улаангомд Ус хэрэглэгчдийн холбоо /УХХ/-ны гишүүдийг чадавхижуулах сургалт Орон нутгийн удирдлагын ордонд болсон юм.

Увс аймгийн тариаланчид усны хүртээмжийн тэгш бус байдлаас болж сум болон иргэдийн хооронд нэлээдгүй маргаан дэгдэж, асуудал үүсэх болсон. Харин энэ асуудлыг зүй зохистой шийдвэрлэх гарц нь Ус хэрэглэгчдийн холбоо гэдгийг нутгийн иргэд ойлгож эхэлжээ.

2015 оны эхээр Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд  болон НҮБХХ болон БОНХАЖЯ-наас хэрэгжүүлж  байгаа “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн орон нутаг хариуцсан зохицуулагчид хамтран Увс аймгийн Улаангом, Наранбулаг, Тариалан сумын иргэдтэй уулзан УХХ хэмээх ТББ-ын ач холбогдлын талаар таниулснаар тус аймагт анхны УХХ-д байгуулагджээ. Мөн Увс аймгийн УХХ ТББ-ыг байгуулж, 3 сумын холбоодоос 9 хүнийг төлөөллөөр сонгон тус холбооны гишүүн болгосон юм.

Харин энэ удаагийн сургалтаар хамтын оролцоотой усны менежментийн зарчим ба үндэслэл, УХХ-г байгуулж, ажиллуулах зарчим, дотоод үйл ажиллагаа, ус ашиглалтын ажлын дэвтрийг хөтлөх зааварчилгаа зэрэг олон сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн юм. 

Энэ үеэр Улаангом сумын Ус хэрэглэгчдийн холбоо /УХХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн П.Ганбаатартай уулзаж ярилцлаа. 

-Энэ удаагийн сургалтын талаар сэтгэгдлээ хэлнэ үү?
-Энэ оны эхээр манай аймгийн газар тариалан эрхлэгчдийн гол бүс нутаг болох Хархираагийн голын сав газрын дагуух гурван суманд болон Увс аймгийн УХХ-г байгуулан ажиллаж байгаа. Энэ нь үнэхээр цаг үеэ олсон гэж боддог. Бид нэгдсэн зохион байгуулалтад орж санаа бодлоо нэгтгэх эхлэлийг тавьсан зөв ажил гэдэг нь өнгөрсөн хугацаанд батлагдлаа. Энэ сургалт зөвлөгөөнөөр ч тэгж дүгнэж байна, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ч тайлагналаа. Усны хэрэгцээ жилээс жилд нэмэгдээд байхад, харин усны түвшин багасаад л байгаа юм. Энэ зөвлөгөөнөөр Хархираа-Түргэний сав газрын мөнх цэвдэгийн цас мөс нь дулаарлаас үүдэн их хэмжээгээр хайлж байгаа талаар тодорхой мэдээллээ. Тэгэхээр байгаа усаа үр ашигтай зарцуулах,тошин халиах, хаврын шар ус тогтоох зэргээр бид гадаргын усаа зохистой ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байна. Бидний хийж эхлүүлсэн тодорхой ажлууд үр дүнд хүрнэ гэдэг итгэж байгаа.
-Улаангом сумын хувьд усны хангамж, хүртээмж нь ямар байна вэ?
-Улаангом сумын тариаланчид аймгийн хүнсний ногооны тариалангийн 60-70 хувийг үйлдвэрлэдэг. Манай иргэдийн хувьд газар тариалан эрхлэх сонирхол эрс нэмэгдэх болсон. Мөн сүүлийн үед илэрхий мэдэгдэж байгаа нь Гашууны гол тасрах аюул нүүрлэх болов. Хархираан гол доошоо ороод Тээлийн боомтоос эх авдаг Гашууны гол зарим үед тасалдах болсон. Тэгэхээр булаг шандын эхийг ойжуулах, моджуулах ажил чухал юм. Нэг аймгийн хаяа зэргэлдээ 2 сум байтугай хөрш улсууд усаа хамтраад зохистой хэрэглээд байхад бид ч энэ замаар л явах учиртай.
-Усны зүй зохистой ашиглалтын талаар иргэд хэр зэрэг мэдээлэлтэй байдаг бол?
“Дасан зохицохуйн” төслийн дэмээр бид усаа хэрхэн зохистой ашиглах талаар өргөн мэдлэг, мэдээлэлтэй болж байгаа. Цаашлаад нийт хүн амд, хүүхэд залууст танин мэдүүлж, аж амьдралд нь хэвшүүлэх талаар бид ажиллах ёстой. Ойрын үед манай холбооноос тариаланчдад мэдээлэл өгөх сургалт зохион байгуулна, харилцан мэдээлэл солилцож, санал бодлоо ил тод ярилцаж зөв гарцыг эрэлхийлэх болно.
Тариалан сумын Ус хэрэглэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, иргэн Ө.Агваандоржтой уулзаж сургалт, зөвлөгөөний үр дүнгийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг нь сонирхсон юм.

Тэрбээр, “Энэ маш үр өгөөжтэй сургалт боллоо. Оролцогчдоос зөв зүйтэй, оновчтой саналууд гарч байна. Цаашдаа хамтраад усаа зөв зохистой хэрэглэх боломж, гарц байгаа талаар бид санал нэгдлээ. Манай сумын хувьд бол эрт дээр үеэс газар тариалан эрхэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Тариалан сумын иргэдийн 80 хувь нь газар тариалангийн аж ахуй хэрэглэж байна. Хэн чадалтай нь давуу эрх эдлэх эсвэл усны хомсдлоос болж тариалалт нь багасах, мөн усыг үр ашиггүй асгах зэрэг зохисгүй үрэлгэн хэрэглээ байгааг бид хамтдаа суугаад харилцан ашигтай шийдвэр гаргаж, зөв зүйтэй гарцыг олж чадах юм байна гэдэгт энд ирсэн хүмүүс сайтар ойлгож мэдлээ. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг манай ардын зүйр үг үнэхээр чухал болохыг манай хүмүүс сэтгэлээрээ мэдэрч ойлгож байгаад таатай байна. Ус хэрэглэгчдийн холбоо нь усыг тэгш хүртээмжтэй, үр ашигтай хэрэглэх, зөв зохицуулах, нөөц бий болгох, усны эх ундаргыг хамгаалахад хамтран ажиллаж үр дүнд хүрч болдог гэдгийг бодит амьдралд харуулж эхэлж байна. Аймгийн УХХ-ны хурлаас бид 21 тодорхой зорилт дэвшүүллээ. Хамгийн гол нь хамтдаа суугаад бүх асуудлыг ний нуугүй ярилцаж олонхиороо шийдвэр гаргаж чадлаа. Ингэж хамтдаа шийдэх нь гоё юм байна. Ер нь гарсан шийдвэрээс үл гүйцэлдэх, ямар нэг сул тал гарахгүй болов уу гэж бодож байна. Хүмүүс бид өөрсдөө л байгаль дэлхийгээ, усаа хамгаалж, хянаж байж л үр шимийг нь хүртэнэ. Тэгэхээр бид бусад хүмүүс, олон түмэнд сайн таниулж, асуудлыг хамтран шийдэх нь хамгийн зөв гарц юм” хэмээн ярьж байв.                                              

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ