Зарим сургуулийн анги дүүргэлт 50 гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-24 11:36:38
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ хичээлийн жилд Орхон аймагт нэгдүгээр ангид 2100 гаруй хүүхэд элсэн оржээ. Энэ нь өмнөх оныхоос 500-600-аар илүү байгаа бөгөөд үүнийг дагаж Эрдэнэт хотын төвийн сургуулийн нэгдүгээр ангийн анги дүүргэлт 48-55  хүртэл нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 20-25-аар өссөн байна.
Иймд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү Боловсрол, соёл, урлагийн газар, Нийгмийн бодлогын хэлтсийг хамтран анги дүүргэлтийг стандартад хүргэх, илүү хүүхдийг харъяаллын дагуу сургуульд нь өгөх 14 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Ялангуяа 4, 5, 8, 14 дүгээр сургуульд анги дүүргэлтийг цөөрүүлэхийг даалгасан байна.
Нэгдүгээр ангийн анги дүүргэлтийн тоо эрс нэмэгдсэн нь эцэг эхчүүд хүүхдээ хотын төвийн сургуульд оруулах, сайн багшид анхнаас нь шавь оруулах хүсэлтэй байдагтай  холбоотой ажээ. Үүнийг зохицуулахад хэцүү байдаг гэж боловсролын байгууллагынхан хэлж байна. Хүүхдээ харъяаллын дагуу сургуульд нь сурга гэсэн шаардлага хүргүүлэхэд эцэг эхчүүд хүүхэд хаана, ямар сургуульд сургах нь хүний эрхийн асуудал гэж хэлдэг байна. Улмаар хүүхдийг нь  авахгүй гэвэл хэл ам хийж, багш нарыг доромжилдог гэнэ. Иймд БСУГ, НБХ хамтран сургуулиудаар явж багш, эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж байна. Үүний дараа шийдвэр гаргахаар ажиллаж байна.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ