“Гэрэлт ирээдүй” хандивын аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 14:32:47

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газар аймгийн НАМЗХ-той хамтарч “Гэрэлт ирээдүй” хандивын аяныг эхлүүлснээ зарлав. Уг аяныг тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл” холимог бүлэгт  нэн түрүүнд  шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, хэрэгслийг авч өгөхийн тулд явуулж байгааг зохион байгуулагчид нь онцлов. 

Аяныг энэ сарын 13-аас 12 дугаар сарын 10-ны хүртэл зарлажээ. 2015-2016 оны хичээлийн жилд Дархан сумын долдугаар цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл” холимог бүлгийг нээсэн. Тус бүлэгт ургийн гажиг, тархины саажилтын хөнгөн хэлбэрийн оноштой 12 хүүхэд хамрагддаг. Эдгээр хүүхдүүд бүгд л өөр өөрсдийн авьяас, чадвартай бөгөөд сайн эмчилгээ сувилгааны үр дүнд жирийн хүүхдүүдийн дунд суралцах боломж бүрдэнэ. Иймд “Тэмүүлэл” бүлгийн хүүхдүүд эрүүлжиж ирээдүйд өөрөө өөрийгөө аваад явах, өөртөө үйлчлэх чадамжийг эзэмшүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийх шаардлага гарчээ. Тиймээс аяны хүрээнд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, хэрэгслийг авч өгөх, хүүхдүүдийн алжаал тайлах, эмчилгээ хийлгэх зориулалт бүхий физик эмчилгээний өрөөг засварлахаар төлөвлөсөн. Энэхүү хандивын аяны хэвлэлийн бага хурлын үеэр Дархан сумын 13 дугаар цэцэрлэгийн хамт олон хүүхдийн тэргэнцэр хандивлав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт бүлэгт тоног төхөөрөмжөөс гадна олон улсын стандартад мөрдөгддөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт бүлэгт гурван хүүхдэд нэг багш байх ёстой гэсэн дэлхийн стандарт байдаг ч “Тэмүүлэл” бүлгийн багш нарт дөрвөн хүүхэд оногддог. Мөн СӨБ олгох байгууллага нь хэдий эрүүл мэндийн байгууллага биш боловч тусгай хэрэгцээт боловсрол олгож байгаа учраас тухайн цэцэрлэгийн эмчээс гадна ХБХ-дэд тусдаа мэргэжлийн эмч шаардлагатай байдаг байна. Иймд цаашид олон улсын жишигт нийцүүлэн ажиллахын тулд мэргэжлийн ажилчдын орон тоог нэмэгдүүлэх талаар аймгийн БСГ-аас  холбогдох шатны байгууллагуудад хүсэлт тавихаар болсон тухайгаа тус аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч Г.Бабаяр тодотгов. Хандивын аянд аймгийн боловсрол соёлын байгууллагууд, “Ди Би Эс” телевиз,” Сайн орших”, “Батханжаргалант” зэрэг хэвлэлийн компаниуд нэгдэн оролцож байгаа бол тус хэвлэлийн хурлын үеэр аймгийнхаа төрийн өмчийн болон хувийн өмчийн бүхий л байгууллагуудыг нэгдэхийг уриаллаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ