Хүн амын цэвэр өсөлт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-12 13:28:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 10 сарын байдлын танилцуулгаар мэдээлэл хийлээ.
2017 оны эхний 10 сарын байдлаар Өвөрхангай аймгийн хүн амын цэвэр өсөлт 1470 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 13,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Он гарсаар 1980 хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 280 хүүхэд буюу 12,4 хувиар буурчээ.
Нэг хүртэлх насандаа 37, тав хүртэлх насандаа 10 хүүхэд эндсэн байна. Мөн нийт нас баралт 510 байгаа нь өмнөх оны мөн үеэс 53 хүнээр бага байгаа юм. Халдварт өвчнөөр 965 хүн өвчилсний 373 нь салхин цэцэг, 201 нь тэмбүү, 104 нь цусан суулгаар өвчилсөн байна.
Өвөрхангай аймагт хөдөлмөрийн насны 72233 иргэн байгаагаас 4800 иргэн ажил орлогогүй байгаагаас 1618 нь ажил идэвхтэй хайж ХХҮГ-т бүртгүүлжээ. Мөн эхний 10 сард 1051 ажилгүй иргэнийг ажилд зуучилснаас 414 нь дээд боловсролтой, 428 нь бүрэн дунд боловсролтой байна.
Он гарсаар 427 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хамгийн их буюу 173 нь хулгай, 110 нь бусдын бие, махбодид гэмтэл учруулах, 49 нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 24 нь хүний амь нас хохироосон гэх хэрэг байна.
Орон нутгийн төсвийн орлого эхний 10 сард 10621,2 сая төгрөг байгаагаас 68 хувийг орлогын албан татвараар бүрдүүлээд байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ