А.Алтаншагай: Адуунд хайртай болж өссөн минь эр хүн болсны утга учир гэж боддог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
altankhuyag@montsame.mn
2017-11-07 17:49:45
Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” хэмээх уламжлалт арга хэмжээ өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд болж өнгөрсөн билээ. Тус арга хэмжээний үеэр 2013, 2014 оны Улсын “Адуучин” тэмцээний тэргүүн, дэд байрын эзэн МУ-ын Манлай хүлэгч Амбаадагдангийн Алтаншагайтай ярилцлаа.

-“Талын түмэн адуу” арга хэмжээнд алгасалгүй оролцдог уу. Энэ жилийн арга хэмжээ таны хувьд юугаараа онцлог болж байна вэ?

-Тэгэлгүй яахав. Зохион байгуулах бүрт нь ирж оролцдог. Мөн өөрийн адуугаа ч арга хэмжээнд оролцуулдаг. Монгол түмний шүтээн молор эрдэнэ сүргээ алдаршуулах, уламжлалт соёл, нүүдэлчин ахуйгаа олон улсын жуулчдад таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ сайхан ажлыг санаачлан, зохион байгуулж буй хүн бүрт “баярлалаа” гэж хэлмээр байна. Энэ жилийн арга хэмжээнд Өвөрмонголоос адуучид ирж оролцсон нь арга хэмжээний цар хүрээг хилийн чанад руу тэлсэн онцлох үйл явдал байлаа. Мөнхүү адуучин тэмцээнээс гадна гурав дахь хоног дээр “Талын гөрөөчин монгол тайга нохой”-ны уралдаан, тэмцээн зохион байгуулснаараа онцлог болов уу гэж бодож байна даа.

-Энэхүү арга хэмжээг тогтмол зохиосноор ямар үр дүн харагдаж байна вэ?

-Залуу адуучдын ур чадвар өсч, монгол орны өнцөг булан бүрт болдог тэмцээнүүдэд Батноров сумын адуучин залуус маань тогтмол амжилт гаргаж оролцох болсон байна. Нөгөөтэйгүүр нутаг орноо сурталчилах, өөрсдийн брэндийг бий болгоход чиглэгдсэн олон сайхан ажлуудын нэг нь энэ гэж харж байна.

-Адуу маллах арга ухааныг хэнээс өвлөж авав, яагаад заавал адуучин болохыг хүссэн бэ?

-Аав минь адуучин хүн байгаагүйсэн бол би малд зүстэй, моринд эрэмгий хүн болж төлөвшихгүй байсан болов уу. Аав минь Хэнтий аймгийн Биндэр сумын алдарт уяач С.Амбаадагдан гэж хүн байсан. 4 настайгаасаа л аавыгаа дагаж адуунд явдаг, хурдны морины унаач хүүхэд байлаа. Хүн багаасаа аливаа нэг зүйлд зүрх сэтгэлээ зориулж явахаар түүндээ дуртай болдог. Би ч жаахан байхаасаа л адуутай ойр өссөн учраас адуунд нүдтэй, эртэй хүүхэд болж өссөн дөө.

-Өнөөдөр хөдөө орон нутгийнхан зурагт, интернэт зэргээс мэдээлэл авдаг болчихсон шүү дээ. Хурдан мориний унаач хүүхдийг эрсдлээс хамгаалах асуудал байнга хөндөгддөг. Үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Мэдээж энэ асуудлыг хөндөж ярих нь зөв. Гэхдээ зарим талаар хэвлэлийнхэн хэт туйлширч хандсан тал ажиглагдаад байдаг. Би өөрөө хурдны морь унаж өссөн болохоор морь уралдуулах эртний сайхан уламжлалаа алдагдуулах байхийг хичээдэг хүн. Хүүхэд хувь хүний санаатай үйлдлээс болж мориноос унаж эндсэн тохиолдол байдаг уу, үгүй л болов уу даа. Хүүхдийг “Би энэ морийг унахгүй” гээд зүтгээд байхад нь зодож, нүдээд явуулдаг хүн одоо цагт цөөхөн болсон. Дээхэн бол ташуурдаад л авдаг байлаа. Хүмүүс хөгжил гэж их ярих юм даа. Бид хөгжих хэрэгтэй байлгүй яахав. Залуу хүний хувьд үүнийг үгүйсгэхгүй ээ. Гол нь уламжлалаа дээдэлдэг, соёлын шуурганд алдалгүй аваад үлдэх хэрэгтэй гэж л боддог.

-Хурдан морь унадаг байхдаа унаж бэртэх явдал олонтаа тохиолдсон байх. “Дахиж морь унахгүй юм шүү” гэсэн бодол орж иртэл гэмтсэн тохиол танд байдаг уу?

-Мэдээж зөндөө л ойчиж явсан. Гэхдээ тэр болгонд өөрийгөө л зэмлэдэг байлаа. Мөнхүү мориндоо их санаа зовдог байсан. Аав юу гэх бол гэж их айна. Гэтэл одоо ойчсон хүүхэд нь биш уяачид нь айдаг болчихож дээ.

-Адуу уургалах, эмнэг булгиулахад эв дүй их шаарддаг гэж сонссон юм байна. Энэ тухай яриач?

-Тэгэлгүй яахав. Гарынхаа шуунд хүчтэй байлаа гээд морь уургалж, гуд татаад унагаад байхгүй л дээ. Хурд, нүдний хараа их хэрэгтэй байдаг. Давхил дундаа дөрвөн хөл нь агаарт байхад нь татвал морь ойчдог. Гэхдээ тэрхүү эгзэгийг тааруулна гэдэг их бэрх. Мөнхүү эмнэг сургахад морь аль тийшээгээ зайлж булгиж байна зэргийг тооцоолж үзэхээс авахуулаад эр хүнээс нарийн ухаан шаарддаг.

-Анх улсын “Адуучин” тэмцээнд оролцохоор Хүй долоон худагийг зорихдоо өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Надад түрүүлнэ гэсэн итгэл байгаагүй. Ямартаа ч нутаг орныхоо, Батноров сумынхаа нэрийг л гаргачих юмсан гэсэн бодол дотроо тээж явсан. Гэхдээ алдахаас огт айгаагүй, сандралгүй тайван байх хэрэгтэй гэж өөртөө хэлж байлаа. Хөхүүрийн цэнхэр талдаа адуугаа хураагаад морь барих гэж байгаа хүн шиг л тайван байсан даа.

-21 аймгийн шилдэг адуучин эрстэй өрсөлдөж түрүүлэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Хамгийн түрүүнд нутаг орныхоо нэрийг гарчихлаа даа гэж бодсон, өөрөө бахархах сэтгэл төрсөн. Төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлаж байлаа. Намайг тэмцээнд оролцохоор явахад үргэлж тусалж дэмжсэн бүх хүмүүс болоод утсаар ярьж “За, юу болж байна, хэрэгтэй зүйл байвал хэлээрэй” хэмээн байнга чих тавин асууж, сураглаж байсан Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргал ахдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Таныг бас сумынхаа алдарт уяач гэж сонссон юм байна...
-Тийм ээ. Адуунд хайртай, адуутайгаа ойр байдаг эр хүн бүр морь уядаг. 2013 оны зун “Сумын алдарт уяач” гэх эрхэм хүндтэй цолны эзэн болж байсан. Наадамч олныхоо дунд суугаад уясан морио хүлээн сэтгэл догдлох мөч их сайхан байдаг. Жаахан байсхийгээд л морь ирэх зүг рүү хараа бэлчээн суух сайхан. Ер нь ч тэгээд адуунд хайртай болж өссөн минь эр хүн болж төрсний минь утга учир гэж  боддог.

-Үүрээр уурга суналзуулан морин дээрээ өндийгөөд адуугаа хураахаар давхих тэрхүү мэдрэмжээсээ хуваалцаач?

-За даа, нэг их сайхан үгс хэлчихэж чадахгүй шиг л байна даа.



-Тэгж явахад заримдаа нэг их сайхан омогшмоор, дуулмаар хүртэл санагддаг шүү дээ. Зүгээр л та тухайн үед яг юу боддог, ямар сэтгэгдэл танд төрдөг үү. Үүнийгээ л уншигчидтай хуваалцахад болно шүү дээ?


-Хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг сайхан. Би дуртай зүйлээ хийгээд, морио унаж яваа болохоор сэтгэлд их таатай сайхан байдаг даа. Олон сайхан хурдан хүлэг, наадамд унадаг ганган хийцтэй морьдгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. Өглөөний сэрүүнд морин дэлэн дээр давхихад эх орныхоо уудмыг биширч, монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэл эрхгүй төрдөг.

-Түмэн адууны баяраар зохиогдсон шургуу тэмцээнд та шилдэг тавд шалгараад эхний байруудад орж чадсангүй. Аварга маань хүртэл өөрөө мултарчихийг бодоход Батноров сумын адуучдын чанар чансаа, ур чадвар өндөр буй нь харагдаж байгаа болов уу?

-Эхний хоёр байрт манай багийн залуучууд шалгарсанд үнэхээр баяртай байна. Түмэн адууны баярыг тогтмол зохион байгуулах нь олон сайн талтай. Учир нь Монголчууд адуугаа илүү ихээр хайрладаг, өв соёлоороо бахархаж түүнийгээ хүүхдүүддээ зааж сургадаг болж байна. Адуучин залууст маань маш том урам болж, цаашид мал сүргээ өсгөх, улс бүсийн тэмцээнд оролцож нутаг усныхаа нэрийг гаргах тал дээр анхаарч байгаа.

-Өнөөдөр ихэнх залуус нүүдэлчин ахуйгаасаа хөндийрч, хотод ихээр суурьших болсон цаг. Үүнд эмзэглэдэг үү?

-Орчин үеийн хөгжилд хөл нийлүүлэн алхахыг бүгд л зорьдог. Гэхдээ малын буян их шүү дээ. Залуус маань гар утаснаасаа илүү адуугаа хайрладаг байгаасай гэж хүсдэг дээ. Эмээл хазаар, морины уяа зэргээс авахуулаад нүүдэлчдийн заншил, ёс жаяг эхэлдэг. Энэ бүхэнтэйгээ ойр бус ч гэлээ мартахгүй яваасай гэж боддог.
 
Гэрэл зургийг: Б.Чадраабал
Ярилцсан: Б.Алтанхуяг

 
Холбоотой мэдээ