Парист террорист халдлага болсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-14 10:37:30

ПАРИС. /ВВС/. Францын нийслэл Парис хотод зэвсэгт болон бөмбөг дэлбэлэх хэд хэдэн халдлага гарч, олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улс үндэсний хэмжээнд онцгой байдал зарлаж, хилээ хаасан байна.

Парис хотын төвд байрлах “Bataclan” концертын танхимд болсон халдлагын улмаас наад зах нь 100 хүн амиа алджээ гэж мэдээлэв.

Цагдаа нар концертын танхим руу дайран орохоос өмнө зэвсэгт этгээдүүд олон хүнийг барьцаалсан байжээ.

“Stade de France” үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо амиа золиослогч бөмбөг дэлбэлж, мөн хотын төвийн зоогийн газарт зэвсэгт этгээдүүд халдаж, олон хүний амийг хөнөөжээ.

Парисын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа бөгөөд армийн 1500 орчим албан хаагчийг хот даяар хамгаалалтад гаргасан байна.

Халдлага үйлдсэн этгээдүүдэд ямар ч өршөөл үзүүлэлгүй устгах болно гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгджээ.

Хэргийн газарт зэвсэгт гурван этгээдийг устгасан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ