Ногооннуур сумын иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургалт явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-01 13:58:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүх нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбар болон аймгийн Насан туршийн боловсролын төвөөс Ногооннуур сумын ард иргэд, сургуулийн багш, сурагчид, дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд сургалт зохион байгуулжээ.

Сургалтын үеэр хувь хүний санхүүгийн суурь ойлголтууд болох төсөв, санхүүгийн төлөвлөлт, хуримтлал, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, даатгал, санхүүгийн эрсдэл ба хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна. Уг сургалтад 200 гаруй сурагч, 30 төрийн албан хаагч, иргэн хамрагджээ.

“Санхүүгийн боловсрол” аян нь иргэдийг аливаа санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оновчтой шийдвэр гаргах, хувийн болон өрхийн санхүүгээ удирдах зөв дадал, хэвшилтэй болгоход чиглэгдэж байгаа аж. Дээрх сургалтыг энэ оныг дуустал аймгийн бүх сумдад явуулахаар ажиллаж байна гэж Монголбанкны аймаг дахь салбараас мэдээллээ. 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ