ТОЙМ: "Гэрэгэ” бонд босгож эдийн засагт “амь тариа” залгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-29 23:06:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрханы өвөрт 17 алтан амь үрэгдсэн харамсал дүүрэн мэдээгээр өнгөрч буй долоо хоног эхэлсэн. Хэдий Улсын Онцгой комисс, Онцгой байдлын алба бүх хүчээ дайчлан ажилласан ч байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс 17 амийг аварч чадаагүй. Улс орноороо эмгэнэн гашуудаж байх тэр л өдрүүдэд улс төрийн орчинд шил шилээ дарсан үйл явдлууд мөн халуун сэдэв болов. Тодруулбал ТЕГ-ын дарга Б.Хурц, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж харилцан хатуу үг шидэлцэж, хэвлэлээр дамжуулан ширүүхэн тэмцэл өрнүүлэв. Саар мэдээний хажуугаар Монгол Улсын Засгийн газрын гаргасан отгон бонд "Гэрэгэ" олон улсын зах зээлээс 800 сая ам.доллар босгож, эдийн засагт "амь тариа" залган, гадаад төлбөрийн дефолтоос аварсан сайн мэдээ мөн дуулдсан. Энэ мэтчилэн өнгөрөгч долоо хоногт улс оронд өрнөсөн онцлог үйл явдлуудыг товч тоймлон хүргэж байна. 


 

Монголын уулын спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлт осол Отгонтэнгэр хайрханд гарлаа

Өнгөрөгч ням гарагийн орой ОБЕГ-аас гэнэтийн байдлаар хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийсэн нь Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн 27 аялагчийн 17 нь сураггүй алга болсон тухай байв. Далайн түвшнээс дээш нийт 4008 метрийн өндөрлөгт орших уг хайрханы оройд гараад буцаж буух явцдаа цасан нурангид өртсөн аялагчдын 10 нь эсэн мэнд бууж ирсэн ч үлдсэн 17 нь сураг тасарсан гэх мэдээлэл түгшүүр, хүлээлт дүүрэн долоо хоногийг эхлүүлсэн. Ослын талаар мэдээлэл авсан даруйд баруун аймгуудын Онцгой байдлын алба, цагдаа хүчний байгууллагууд, эмч, сувилагч нараар баг бүрдүүлэн эрлийн ажлыг даваа гарагт шуурхай эхэлсэн. Нийслэлээс мөн нисдэг тэргээр Аврах тусгай анги, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нараас бүрдсэн баг Завхан аймгийг зорьсон бөгөөд даваа гарагт Улсын онцгой комисс хуралдсаны дараа Шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн биеэр ослын газарт ажилласан. Ослын газарт нийт 160 гаруй хүн дөрөв хоногийн турш тасралтгүй ажилласан ч харамсалтай нь 17 аялагч бүгд нас барсан байдалтай олдсон юм. Лхагва гарагт нас барсан аялагчдыг нийслэлд нисдэг тэргээр авч ирсэн бол эсэн мэнд бууж ирсэн ч биеийн байдал сайнгүй байгаа хүмүүсийг пүрэв гарагт авч ирсэн. 
Ослын талаар одоогоор мэдэгдэж буй дүрслэл нь, уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг "Монголын уулын спортын клубуудын холбоо"-ноос зөвшөөрлөө авч, энэ сарын 20-ны өдрийн 10.00 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханд хүрч 21-ний 16.00 цагийн үед оргилд нь гарсан байна. Цас орж, дахин хайлж, нэмж цас орох замаар хавтан үүссэн учир уулчид буух явцдаа хавтангийн гулгалтад өртсөн хэмээн таамаглаж байгаа бөгөөд 17 нь ойролцоогоор 700 орчим метрийн өндрөөс доош унажээ. Тиймээс амь аврагдах ямар ч боломж байгаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Аялагчдын нэг нь зургийн аппаратаа далд хийхээр 30 секунд орчим зогссон нь эсэн мэнд бууж ирсэн 10 хүний амь насыг аварсан хэмээн аялагчдын дундаас ярьсан юм. Тэдний гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй бол осолдсон 17 аялагчийн дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй байжээ.
Ийн Монгол Улсын уулын спортын түүхэнд гарсан хамгийн олон хүн эрсэдсэн эмгэнэлтэй осол төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханд болж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар амиа алдсан аялагч, уулчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж уй гашууг нь хуваалцав.


Отгон бонд “Гэрэгэ” мэндэлж, “Чингис”, “Димсам” бондын төлбөрийг шийдвэрлэв

Монгол Улсын Засгийн газар 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө олон улсын зах зээлд отгон бонд “Гэрэгэ”-г арилжаалж, 800 сая ам.доллар босголоо. Шинэ бондын жилийн хүү нь 5.625 хувь, хугацаа нь 5.5 жил байхаар арилжаалж чадсан нь чамлахааргүй амжилт болсон юм. Учир нь эдийн засагчдын хүлээж байсан хүү ойролцоогоо 6 хувьтай байсан ч ойролцоогоор 0.4 хувиар бага арилжаалж чадав. Ингэснээр "Чингис бонд"-ын эхний 500 сая ам.доллар, "Димсам" бондыг эргэн төлөх боломж үүсч байгаа юм. Хэдийгээр бондыг бондоор солилоо хэмээн шүүмжлэгдэж байгаа ч төсөвт дарамт учруулахгүйгээр эргэн төлөлтийг бага болов хугацаагаар хойшлуулж чадсанаараа “Гэрэгэ” бонд цагаа олов.
Анх хөрөнгө оруулагчдад 660 орчим сая ам.долларын бонд босгох санал тавьсан ч хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн санал нь 5.8 тэрбум ам.долларыг давсан талаар бондын гэрээ хэлцлийг анхлан эхлүүлсэн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн хэлж байв. Хэдийгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл төдийлөн сайжраагүй, САА-1 түвшинд байгаа ч жил, хагасын өмнө арилжаалж байсан “Мазаалай” бондын хүү 10.9 байсан бол “Гэрэгэ” бондын хүү 5.6 болж буусан нь Монголын эдийн засагт нааштай хандлага ажиглагдаж эхэлсний илрэл хэмээн эдийн засагчид дүгнэж байгаа юм. Шинэ бондын санхүүжилт ирэх сарын эхэнд Монгол Улсад орж ирэх аж.
Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдлээс гарах нөхцөл бүрдэж байна хэмээн Төв банкнаас мэдэгдэв.


192 мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөг олгоно

2017 оны Төсвийн тодотголыг баталсан нь өнгөрөгч долоо хоногийн бас нэгэн чухал үйл явдал байв. Улсын төсөв сүүлийн жилүүдэд анх удаа давсан орлоготой гарсан учир ийнхүү тодотгол оруулж, хуваарилалт хийх шаардлага үүссэн. Гэвч өмнөх Засгийн газрын боловсруулсан Төсвийн тодотголын төсвийг шинэ Засгийн газар өөрчилж, хөрөнгө оруулалтын зардлуудыг багагүй хассан юм. Учир нь он дуусахад 2 сарын хугацаа үлдэж байгаа энэ үед шинэ төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шаардлагагүй хэмээн тэд байр суурь нэгдсэн. Харин Төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад 192 мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай заалтыг тусгасан нь нийгмийн анхаарлыг багагүй татсан юм. Сангийн сайдын зүгээс, Гурван талт хэлэлцээрийг үндэслэн уг шийдвэрийг гаргасан бөгөөд ОУВС-гийн хөтөлбөртэй тохиролцсоны дагуу 2018-2019 онд цалин нэмэх боломжгүй учир нэг удаагийн урамшуулал олгох болсон хэмээн тайлбарласан. Үүнд нийт 54.9 тэрбум төгрөг зарцуулахаар Төсвийн тодотголд тусгасан нь өнгөрөгч долоо хоногт батлагдав.

Харин үүнийг УИХ-ын зарим гишүүн ч, цалин нэмэхийг шаардаж буй эмч, багш нар ч эсэргүүцэж буйгаа мэдэгдээд байна. МҮЭХ-ноос тухайлбал, Засгийн газар 2018 онд цалин хөлс нэмэхээс татгалзаж, нэг удаагийн урамшуулал олгох болсныг эсэргүүцэж, энэ сарын 31-нд жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээр өнгөрөгч пүрэв гарагт эхэлсэн ч гурван тал төрийн алба хаагчдын цалинг нэмэх асуудалд тохиролцоонд хүрч чадаагүй. Тиймээс МҮЭХ-ноос хугацаагүйгээр завсарлуулах санал гаргасан юм. Үүнээс гадна нэг удаагийн урамшууллыг эсэргүүцсэн 1000 багш даваа гарагт ажил хаяхаа мэдэгдээд байна.


Удтал “дуншсан” 2018 оны Улсын төсвийг УИХ-д өргөн барилаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх удтал хүлээлгэсэн 2018 оны Улсын төсвийг өнгөрөгч баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Хаврын чуулганы нээлтийн өмнөхөн Ж.Эрдэнэбатын Засгийн газар боловсруулсан төсвөө УИХ-д өргөн барьсан ч тун удалгүй буцаан татсан юм. Ингээд 25 хоног хүлээгдсэн төсвийг шинэ Засгийн газар өргөн барив. Нарийвчилбал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувиар буурахаар тооцон төсөлд тусгажээ.
Харин ирэх онд хэрэгжүүлэх хэд хэдэн том хөтөлбөрийн тухайд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулах, Оюутны хөгжлийн зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж, нийт 35-37 мянга орчим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамруулан, 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах, Эрүүл мэндийн даатгалын санг 2018 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн бие даан үйл ажиллагаагаа явуулахаар тооцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас Эрүүл мэндийн сайдын багцад шилжүүлэх, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулах, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэн, 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн  гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох ба тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50.0 мянган төгрөг буюу улиралд 150.0 мянган төгрөг, өрх толгойлсон эх/эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх замаар 136.9 тэрбум төгрөг зарцуулах, Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоход 56.2 тэрбум төгрөг төлөвлөжээ. Харин Хүүхдийн мөнгийг ирэх жил мөн нийт хүүхдийн 60 хувьд олгохоор төсөвт тусгажээ. 
2018 оны Төсөв ийнхүү гараанаас гарч, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэж эхлэх болов. Төсөв нийт дөрвөн хэлэлцүүлэг дамжин батлагдах дэгтэй бөгөөд 11 дүгээр сарын 15-наас өмнө батлах хуулийн хугацаатай билээ. 


Сангийн сайдын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьсан ч  Байнгын хороо хүлээж авсангүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын шийдвэрт хориг тавьж буйгаа пүрэв гарагт мэдэгдэв. Тэрбээр “Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьж байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын цалинг нэмэх бус нэг удаагийн урамшуулал олгох гэж байгааг Ерөнхийлөгч буруутгав.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг хоригтой холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ “Төрийн албан хаагчдад 300.000 төгрөг олгох шийдвэрийг Гурван талт хэлэлцээрийн шийдвэрийг үндэслээд УИХ-ын Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг санал гаргасан. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр биш. Ямар 30 гэр бүлийн тухай яриад байгааг мэдэх юм алга. Энэ бол УИХ-ын Тамгын газрын дарга З.Энхболд улс төрийн өс зангидаад янз бүрийн арга хэмжээнүүд авч байгаа хэрэг” хэмээн хариу хэлж байв.
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа УИХ дахь АН-ын бүлэг илэрхийлсэн бол МАН-ын бүлэг баасан гарагийн өглөө хуралдаж, хоригийг хүлээж авах боломжгүй гэдэгт байр сууриа нэгтгэсэн. Ингээд Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар хуралдсан ч гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийг хүлээн авах боломжгүй хэмээн санал өгөв. Чуулганы хуралдаанаар ирэх долоо хоногт эцэслэн шийд гарна.


 
ХЗДХ-ийн сайд, ТЕГ-ын дарга нар "халз" мэдэгдэл хийв
 
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц нарын ширүүхэн мэдэгдэл, бие бие рүүгээ илтэд дайрсан мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн хувьд нэгэн өвөрмөц үйл явдал боллоо. Тодруулбал ТЕГ-ын дарга Б.Хурц пүрэв гарагт гэнэтийн байдлаар хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийхдээ “Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэрэгт улс төрийн болоод бусад шалтгаанаар нөлөөлж байна. Энэ хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуутаа дахиад энэ хэрэг рүү орж байна. Мөн сайд болохоороо энэ хүн шууд Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг” хэмээсэн юм. Тэрбээр С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн удааширсан шалтгаан нь ажлын хэсгийг нийт 10 удаа тараасантай холбоотой гээд Ц.Нямдорж "Эрдэнэт"-ийн асуудлыг заавал шийднэ гэж буй ч өөрөө "Эрдэнэт"-д шахааны бизнестэй, нийт 42 сая ам.долларын батаа материал шахсан хэмээв. Үүнээс гадна “Ц.Нямдорж гэдэг хүн ямар учиртай хүн бэ гэвэл Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай, бүлэглэл. Энэ бүлэглэл бас хүчтэй, мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай бүлэглэл. "Эрдэнэт"-ийн гэрээнүүдэд санхүүгийн залилан харагддаг. Ц.Нямдорж Анхбаяр гэж хүүтэй, мөн Анхбаяр гэдэг хуурай дүүтэй. Улсын бүртгэлд бүртгэлтэй “Хан хуур”, “Хаанхуур” гэж компаниуд хоёулаа Анхбаяр гэдэг захиралтай. Тэгэхээр Ц.Нямдорж тэнд өөрчлөлт оруулах магадлал бас байгаа. Одоо шалгаж чадахгүй байгаа. Оффшорын асуудал ч гарч ирж байгаа” гэж байлаа.

Тэр бүр хэвлэлийн өмнө гараад байдаггүй ТЕГ-ын даргын мэдээлэл хоромхон зуур дуулиан дэгдээж, дараахан нь УИХ-ын чуулганы танхимын өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариу тайлбар өгөв. Тэрбээр ТЕГ-ын дарга Б.Хурц нам дамжсан бүлэглэлийн гол зохион байгуулагч нь учраас солигдохоо мэдээд яаран сандран хэвлэлд мэдээлэл хийж байгаа юм байлгүй хэмээн тоомжиргүй хэлж байв. Харин араас нь тун хурц мэдээллүүд өгсөн бөгөөд тухайлбал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш, тийш болгох ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Хурц оролцсон. Би С.Зоригийн ажлын хэсэгт өөрчлөлт оруулж байгаагүй. Харин одоо захиалагчийг илрүүлэх ажлын хэсэгт орсон цагдаагийн төлөөллийг солино. Б.Хурц яагаад сандраад байна вэ гэхээр хүмүүсийг  мөчид баримтаар хилсээр хийсэн хэрэг нь сөхөгдөх вий гэдгээс үхтлээ айж байгаа. Энэ мэдээлэл бол цэвэр улстөрийн зорилготой. Хууль, хяналтын байгууллага улстөрийн бүлэглэлд, намууд, дарга нарт үйлчилдэг нь илэрч, нураах гээд байхаар үхтлээ айж байгаа хэрэг. Б.Хурцын ард зөндөө хүн бий. Наад нам дамжсан бүлэглэл чинь тэр чигээрээ байгаа. Б.Хурц өнөөдөр мэдээлэл хийснээрээ өөрөө улстөрийн тагнуул байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг” хэмээв.

Тэрбээр мөн хууль, хяналтын байгууллагын зарим дарга, удирдлагуудыг солихоо шийдмэг илэрхийлээд, хуйвалдааны сүлжээнд орсон хүмүүсийг солино, ингэх тусам нэлээд эрчимтэй цэвэрлэнэ хэмээн мэдэгдэв. Үүнийг ч батлах мэт цаг хүрэхгүй хугацааны дараа Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас чөлөөлж, Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томилов. Үүгээр дараагийн томилгоо хэзээ бас хэрхэн явагдах нь хүлээлт үүсгэн үлдлээ.


Улсын нийслэл Улаанбаатар 378 жилийн ойгоо тэмдэглэлээ 
 
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсан 378 жилийн ой 10 дугаар сарын 29 буюу ням гарагт тохиолоо. Ойг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаныхан Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүлэн, Сүхбаатарын талбайд Нийслэлийн тугийг мандууллаа. Мөн Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх гурван хөшөөг байрлуулав. Уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн бөгөөд орчин үеийн залуусын сэтгэхүйн онцлогт зохицуулан чөлөөт хэв маягийг оруулж өгснөөрөө онцлог болжээ.

Нийслэлийн удирдлагууд ойн баярыг тохиолдуулан нийслэлчүүдэд хандан хэлсэн үгэндээ, 2017 оныг “Нийслэлийн эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, энэ хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, тэдгээрийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар дэмжин, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байгааг тодотгож байв. Мөн нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж, автозамын томоохон төслүүдийг эхлүүлсэн гэв. Эрүүл мэнд, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг онцгойлон дэмжиж Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасгийн шинээр нээсэн, 2017-2018 оны хичээлийн шинэ жилд 10 гаруй мянган суудлаар нэмж, цэцэрлэгт хамрагдалтын хувийг 76-д хүргэж, 10 сургууль, 13 цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад хүлээн авснаа тодотгосон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох, нийслэлд оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гарган, цэцэрлэг, сургуулиудын дотоод агаарын чанарыг сайжруулах зорилгоор шүүлтүүртэй агаар цэвэршүүлэх 350 ширхэг төхөөрөмж суурилуулсан байна.

1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 29 удаа бууриа сэлгэж,  1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ.
******

Өнгөрөгч долоо хоногт улс оронд өрнөсөн гол үйл явдлуудыг товч тоймлоход ийм байна. Харин ирэх долоо хоногийн хувьд цаг хугацааны давчуу байдалд хэлэлцэгдэн эхэлж буй 2018 оны Улсын төсөв УИХ-ын чуулганы халуун сэдэв байх нь. Мөн ХЗДХ-ийн сайд, ТЕГ-ын дарга нарын тэмцэл, МҮЭХ-ны эсэргүүцэл, 1000 багшийн ажил хаялт, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Гурван талт хэлэлцээрийн үргэлжлэл зэрэг олон үйл явдал хэрхэн өрнөх нь таамаг болон биднийг хүлээж байна.
 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ