Зүүн Хойд Азийн орнуудын уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн Хубэй мужид нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2015-11-13 13:57:51

Монгол, Япон, Хятад,  Өмнөд Солонгос, Хойд  Солонгосын  уран бүтээлчдийн нийт 150 гаруй бүтээлийг хамруулсан  “Зохицол ба ялгарал”-Зүүн Хойд Азийн уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 12 -ны өдөр Хятадын Хубэй мужид нээлтээ хийлээ.

Хятадын Гадаад харилцааны яам, Хятадын соёлын хөгжлийн сан,  Хубэй мужийн  суртал ухуулгын газар, Хятадын Олон улсын радиогоос санаачлан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монголын залуу уран бүтээлчид  Х. Заяат, Чулуунбаатар, Х.Мөнхбаатар,Н.Лхагвадорж,Н.Батдорж,Д. Гантөгс, Л.Бумдорж, Н.Батбаяр, Р.Чинзориг нарын шилдэг бүтээлүүд болох  “Ээж”,  “Хулангийн сүрэг”, “Бөөгийн онгод”,  “Отгонтэнгэр”, “Намар” зэрэг шилдэг бүтээл оролцож байгаа юм.

  “Зохицол ба ялгарал” уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн 9 дүгээр сард Бээжин хотноо “Зууны мандал” галерейд тавигдаж байсан ба  Монголын уран бүтээлчдийн бүтээлүүд олон орны үзэгдчийн таашаалыг хүртэж байсан юм.

"Зохицол ба ялгарал- Зүүн Хойд Азийн орнуудын  уран зураг, уран бичлэгийн  үзэсгэлэн Хятад, Монгол, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгосын соёлын харилцаа солилцоог хөгжүүлэх, соёлын хамтын ажиллагааны индэр буй болгох зорилготой  юм.

Энэхүү үзэсгэлэн энэ сарын 27-нд Японы Осака хотноо үргэлжлэх юм байна. Мөн үзэсгэлэнгийн сонгомол бүтээлүүдээр  гарын авлага, дурсгалын марк хэвлэхээр төлөвлөжээ.  

 

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ