Ц.Нямдорж: Б.Хурц улс төрийн тагнуул хийж байснаа хүлээн зөвшөөрчихлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-26 14:11:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЕГ-ын дарга Б.Хурц “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэрэгт улс төрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна. Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнестэй” гэх мэт мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулга авлаа. 

-Дөнгөж сая ТЕГ-аас С.Зоригийн хэргийн ажлын хэсэгт өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ.
-Зул бөхөхдөө бадамладаг гэж үг бий. Б.Хурцын хэвлэлийн хурлыг сонссон. Хоёрдугаарт, би УИХ дээр байр сууриа хэлсэн. Нам дамжсан бүлэглэлийг цэвэрлэнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Тиймээс солигдохоо мэдэрээд хэвлэлийн хурал хийж байгаа юм байлгүй дээ. Би өнөөдөр ЦЕГ-ын даргыг өөрчилнө. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Цагийн дотор амжиж шийднэ. Цаашдаа  ч иймэрхүү асуудлыг шийднэ.
Би хэлж амжаагүй үг бий гэж ярьж байсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш, тийш болгох ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Хурц оролцсон. Энэ бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Хойд талд тусгай албаны Халанов гэж хурандаа байдаг юм. Ийм оролцоотой юм. Тэгээд “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж мэдэгдэл хийж байна л даа.

-Таныг Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнестэй, 42 сая ам.долларын шахаа хийсэн гэж хэлсэн. Мөн хоёр Н.Анхбаяр гэдэг хүүхэдтэй гэсэн мэдээллийг өгсөн?
-Миний хүү Н.Анхбаярын тухай нэг юм гарч байсныг одоо олон нийт мэдэж байгаа.  Харин тэр нөгөө 42 сая ам.долларын гээд байгаа Анхбаяр нь миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд тэр Анхбаяр дээр ТЕГ ажиллагаа хийж, намайг бүтэн жил тагнасан. Би хууль, хяналтын байгууллага толгой дээр гараад байна гэж хэлээд байгаа чинь энэ. Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг байхад Б.Хурцыг дагуулж ороод, хууль бус тагнуул хийж байна гэдгийг нь хэлж байсан. Тагнуулын байгууллага гадаад тагнуул, сөрөх тагнуул гэсэн хоёрхон эрхтэй газар. Гэтэл өнөөдөр гадаадын тусгай хүч шалгадаг, улсын аюулгүй байдлыг хамгаалдаг дарга нь ажлаа өгөхийн өмнө улстөржсөн мэдэгдэл хийж буйг юу гэж ойлгох уу.

-Таныг өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад тагнуулын байгууллагаас 40 гаруй баримт алга болсон гэсэн?
-Тэр баримтууд чинь 1998 онд н.Баатар хулгайлж аваад гарсан.

-С.Зориг агсны хэргийн ажлын хэсгийг дөрвөн удаа өөрчилж, хүмүүсийг нь ажлаас халж байсан гэсэн үнэн үү?
-Би ажлын хэсэгт өөрчлөлт оруулж байгаагүй. Харин одоо захиалагчийг илрүүлэх ажлын хэсэгт орсон цагдаагийн төлөөллийг солино. Захиалагчийг нь олоогүй байж хүн захиалгаар алсан гэдгийг тогтоож, шийтгэнэ гэдэг бол хуулийн хүн байтугай жирийн хүн ч ойлгохооргүй үйл явдал л даа.

-Захиалагчийг нь зарлах цаг болоогүй учраас мэдээлэхгүй байгаа гэдгийг ТЕГ-ын дарга хэлсэн?
-Тэр асуудлыг Б.Хурц мэддэггүй. Би шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг нь ил болгох үүрэг өгсөн. Тиймээс тун удахгүй би саналаа Засгийн газарт өгнө.

-С.Зориг агсны хэрэг илрэхгүй удсан нь тантай холбоотой гэсэн ?
-Миний гарын үсэгтэй юм байна уу наана чинь? С.Зоригийн хэрэг надтай холбоотой зүйл огт байхгүй. Б.Хурц яагаад сандраад байна вэ гэхээр хүмүүсийг  мөчид баримтаар хилсээр хийсэн хэрэг нь сөхөгдөх вий гэдгээс үхтлээ айж байгаа.

-ТЕГ-ын даргын мэдээлэл цаанаа ямар нэг улстөрийн зорилготой юу?
-Цэвэр улстөрийн зорилготой. Хууль, хяналтын байгууллага улстөрийн бүлэглэлд, намууд, дарга нарт үйлчилдэг нь илэрч, нураах гээд байхаар үхтлээ айж байгаа хэрэг.

-Таныг гадаадын тагнуул гэдэг баримт бий гэж Б.Хурц дарга хэлсэн?
-Би тагнуул байсан бол шалгаж шийтгэх нь  яасан юм бэ. Тагнуул биш гэдгийг нь нотлох  хоёр ч баримт бий. Гадаадын тагнуул гэж гүтгэсэн, улсын нууц задруулсан гэсэн долоо жилийн ялын тогтоолтой шийдвэр нь миний ширээн дээр байгаа.

-Б.Хурцын ард хэн байгаа вэ?
-Зөндөө хүн бий. Наад нам дамжсан бүлэглэл чинь тэр чигээрээ байгаа. “Эрдэнэт”-ийн 49 -ийн тал ч бий. Энэ бол зөвхөн эхлэл.

-Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нартай холбоотой хэргийг нуун дарагдуулсан уу?
-Тэр хоёр надад ямар ч хамаагүй. Бид гурав бас улстөрийн хашааг мэднэ шүү дээ. Би сая Н.Алтанхуяг бүлэглэлийнхээ учрыг олоорой гэж хэлэхэд инээд хүрч байсан. Ер нь бидэнд улстөрийн өөр харьяалалд байдаг учраас амин хувийн асуудлаар холбогдоггүй. Ер нь бол их айж байгаа юм байна, энэ хүмүүс.

-ТЕГ-ын солигдох уу?
-Би солино.

-Тагнуулын дарга нь Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа талаар ийм мэдээлэл хийх нь хэр зохистой юм бэ?
-Хуулийнхан толгой дээр гарч байсны илрэл нь энэ. Бүгдийг нь хувааж аваад, айлгадаг, дээрэмддэг. Б.Хурц өнөөдөр өөрийгөө илчилчихлээ. Ийм мэдээлэл хийнэ гэдэг нь өөрөө ёс суртахуунгүй асуудал. Бүр жинхэнэ дампуураад болохоо байсны шинж. Тэр дундаа ажлаа өгөхөө мэдээд ийм мэдэгдэл хийнэ гэдэг нь Б.Хурц өөрөө улстөрийн тагнуул байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

-Та ийм дайралт ирнэ гэдгийг мэдэж байсан уу?
-Би мэдэж байсан.

-С.Зоригийн хэргийн захиалагч нь таны үед илрэх болов уу?
-Би мэдэхгүй байна.

-С.Зоригийн хэрэг дээр хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Эхний ээлжинд ажлын хэсгийг өөрчилнө. Тэгээд шалгадаг байгууллага нь шалгана. Цагдаа, ТЕГ бол Засгийн газрын байгууллага.  Би тэр захиалагчийг нь олсон бол баримттай нь гаргаж, шалгах ёстой гэдгийг хэлсэн. Захиалагчийг нь олсон бол шууд зарлах хэрэгтэй. Би жилийн өмнө Б.Хурцыг өрөөндөө дуудаад өргөдлөө өгөөд яв гэж хэлж байсан. Чиний талаар маш муу зүйлс яригдаж байна. Тэр үед намайг Б.Хурц тагнаж байсан. Энэ үйл явц ерөнхий том дүнгээрээ манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гадаад тагнуулын байгууллага улстөрчдийг тагнадаг, хууль хяналтын байгууллагыг хянадаг. Томилгоогоор дамжуулж, өөрсдийн хүнээ цагдаад шургуулж, цагдааг удирдах ажил хийж байгаа. Би үүнийг нь цэвэрлэнэ.

-Тагнуулын байгууллага ганцхан таныг тагнаж, чагнасан уу. Эсвэл бүх УИХ-ын гишүүдийг чагнадаг юм болов уу?
-Бүгдийг нь хянаж байгаа гэдгээ хэлээд байгаа юм биш үү. Би ер нь цагдаагийн байгууллага дотор өөрийн мэддэг хүрээнд цэвэрлэгээ хийнэ.

-ТЕГ-ын дарга ХЗДХ-ийн сайдын талаар ийм мэдээлэл хийж байгаа хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй юу?
-Энэ бол ёс суртахуунгүй асуудал. Бүр жинхэнэ дампуураад, болохоо байсны шинж. Тэр тусмаа ажлаа өгөхийнхөө өмнө ийм мэдээлэл хийнэ гэдэг улс төрийн тагнуул хийж байснаа хүлээн зөвшөөрсөн хэрэг. 

 -Таны хамгаалалт хэр байдаг вэ?
-Би ямар ч хамгаалалт авахгүй. Тавилангаараа болно. 

-Таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Дамирангийн Энхбатыг баривчлахад Б.Хурц оролцож байсан гэсэн мэдээлэл байдаг?
-Одоо хэлье, тэр хүнийг хулгайлж ирсэн хүн нь Б.Хурц. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Тагнуулын байгууллага хийж буй үйлдлээ мэдэгддэггүй. 

-Хууль хяналтын байгууллагын бүх дарга нарыг солих уу?
-Заримыг нь солино. Би энэ хуйвалдааны сүлжээнд орсон хүмүүсийг солино. Би зогсохгүй. Ингэх тусам нэлээд эрчимтэй цэвэрлэнэ дээ.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ