Монголын хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-26 09:53:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахстаны Алматы хотод энэ сарын 21-22-ны өдрүүдэд болсон "Ер Жанибек Цом-2017" мини хөлбөмбөгийн Олон Улсын тэмцээнд Баян-Өлгий аймгийн Хөлбөмбөгийн холбооны тамирчдаас бүрдсэн Монгол Улсын баг амжилттай оролцож, дөрөвдүгээр байрыг эзэлжээ.

Энэ жилийн тэмцээн Казахстаны алдарт эрдэмтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Турсынбек Какишевийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж, Казахстан, Иран, Франц, БНХАУ, ОХУ, Монгол, Герман, Түрк, Үзбекистан гэсэн есөн улсын 20 баг өрсөлджээ.

Баян-Өлгий аймгийн шигшээ баг "Ер Жанибек Цом" тэмцээнд өнгөрсөн жил анх удаа оролцохдоо хэсгээсээ шалгарч чадаагүй аж. Харин энэ удаа "А" хэсэгт Хятадын "Үштас"-ыг 9:0-ээр хожиж, Казахстаны Алматы хотын "Алатау"-тай 3:3-аар тэнцэж, "Сауыр"-ыг 4:2-оор хожсоноор хасагдах шатанд шалгарч, хагас шигшээд Алматын өөр нэг баг "Фагур"-ыг 5:0-ээр буулган авснаар шилдэг дөрвөн багийн нэг болжээ.

Харамсалтай нь хагас шигшээ тоглолтод энэ тэмцээнд түрүүлсэн "Бирлик Керуен”-д 1:6-гаар хожигдсоноор дөрөвдүгээр байрт орсон байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ