Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан хэмээн Цэц дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-25 13:43:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаас гаргав. Тиймээс энэ заалтын үйлчлэлийг  өнөөдрөөс  эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
“Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар УИХ-д суудалтай нам, эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх бөгөөд түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулах буюу уламжлах бүрэн эрхтэй. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч бие даан өөр хүний нэр дэвшүүлэхээр томъёолж Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан нь  Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчиж байна” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ