Альцгеймерын өвчнийг эрт үед нь илрүүлэх биомаркер зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-10-23 15:15:16
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид Альцгеймерын өвчнийг эрт үед нь илрүүлэх биомаркерыг нутгийн нэгэн компанитай хамтран зохион бүтээсэн тухай тус улсын Шинжлэх ухаан ба Мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам өнөөдөр мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав

Тус яамны мэдэгдсэнээр, Сөүлийн үндэсний их сургуулийн судлаач Мүн Ин Э тэргүүтэй судлаачдын баг Альцгеймерын өвчнийг цуснаас авсан дээжийг шинжлэн эрт үед нь илрүүлэх, ийм өвчин тусах эрсдлийг урьдчилан тооцоолох боломжтой биомаркерыг зохион бүтээсэн байна.

Одоогоор Альцгеймерын өвчнийг оношлоход цаг  их орж байгаа бөгөөд MRI буюу Соронзон резонанст томографиар харуулахад өндөр үнэтэй байгаа юм. Мөн одоогоор энэ өвчнийг голдуу хүндэрсэн үед нь илрүүлж байна.

Судалгааны багийн ахлагч Мүн ярихдаа “Одоогийн техник технологиудаас ялгаатай нь бидний энэ технологи Альцгеймерын өвчнийг эрт үед нь, бүр ямар нэгэн шинж тэмдэг илрэхээс нь өмнө илрүүлж чадахаараа онцлог. Энэ биомаркер нь 90 гаруй хувийн нарийвчлалтайгаар үнэн зөв оношилж байна” гэжээ.

 Альцгеймерын өвчин гэж юу вэ?

Хүмүүс өтлөх тусмаа мартамхай болдог нь физиологийн үйл явц юм. Гэхдээ физиологийн энэхүү үйл явцыг Альцгеймерын өвчнөөс хэрхэн ялгах вэ? Өнөөдөр дэлхийн хэмжээнд 65-аас дээш насны 8 хүн тутмын 1 нь ийм өвчтэй байна.

Альцгеймерын өвчин бол өндөр настай хүмүүст тохиолддог хамгийн түгээмэл сэтгэцийн олдмол өвчнүүдийн нэг юм. Альцгеймерын өвчин туссан тохиолдолд нь тархины эсүүд үхжиж, сэтгэцэд өөрчлөлт орж, ой санамжаа алдаж,  бусдын яриаг ч ойлгохоо больдог аж.

Энэхүү сэтгэцийн олдмол өвчнийг анх тайлбарласан эмч Алойс Альцгеймерын нэрээр нэрлэсэн байна. Дэлхийн 65-аас дээш насныхны 5% нь энэ өвчнөөр өвчилсөн байдаг гэнэ. Өвчний явцад тархинд “Plaques”, “Tangles” гэх бүтцүүдийг үүсгэдэг уураг хуримтлагддаг ажээ Энэ нь цаашлаад мэдрэлийн эсүүд хоорондын холбоог алдагдуулж, эцэстээ мэдрэлийн эсүүд үхэждэг байна. Альцгеймерын өвчин нь давшингуй явцтай буюу цаг хугацаа өнгөрөх тусам шинж тэмдгүүд нь илүү тодорч,  хурдацтайгаар илэрдэг өвчин гэнэ.

Мартамхай болж байгаа нь хөгшрөлттэй холбоотой гэж боддог тул ихэнх хүмүүс эмчид ханддаггүй учир Альцгеймерын өвчнийг тэр бүр эрт илрүүлж, оношилж чаддаггүй аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ