Хэнтийн ахмад тамирчин Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-21 20:40:24
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн, ахмад тамирчин Ч.Хэрлэнчимэг БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс гурван хүрэл медаль хүртжээ. 

Хөнгөн атлетикийн Олон Улсын II зэрэгтэй тэрбээр 21 орны 200 гаруй тамирчидтай өрсөлдөн 2000, 5000,10000 метрийн гүйлтийн төрөлд оролцож, ийнхүү амжилт гаргаснаар спортын мастер цолны болзол хангасан байна.

Түүнийг Хэрлэн сумын ЗДТГ, аймгийн Ахмадын холбооны удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд удахгүй болох Ахмадын өдөрлөгөөр аймаг, сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэх болно гэдгээ илэрхийллээ.

Ч.Хэрлэнчимэг нь тус аймгийн Биндэр сумын уугуул, хөнгөн атлетикийн Олон Улсын хэмжээний мастер Загдаагийн шавь бөгөөд сурагч ахуй цагаасаа өнөөг хүртэл хөнгөн атлетикийн спортоор идэвхтэй хичээллэж иржээ.

Сүүлийн жилүүдэд тэрбээр улсын чанартай томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, Хэнтий нутгийнхаа нэрийг гаргаж яваа хүндтэй тамирчдын нэг юм. 
Д.Одонтунгалаг

 
Холбоотой мэдээ