“Өвлөн бүжье” уралдаан 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-21 15:03:19
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төв халхын нэрт Бүжиг дэглээч, МУСТА Б.Дэлэгдоржийн нэрэмжит “Өвлөн бүжье” өсвөрийн бүжигч, хүүхэд багачууд, бүжгийн багш нарын аймгийн уралдаан 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн цэцэрлэгийн нас, 1-5 дугаар анги, 6-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн төрлүүдээр хоёр шаттай явагдсан бөгөөд Балжирын Дэлэгдоржийн дэглэсэн уламжлалт бүжгүүд болон Монгол үндэснийхээ язгуур “Бий биелгээ”-гээр өрсөлдсөн юм. Хүүхэд багачууд, өвсөр үе, залуу үедээ бүжгийн урлагийг өвлүүлэн хөгжүүлэх, бүжигч хүүхэд, хамтлагуудыг тодруулах, олонд таниулах зорилготой тус тэмцээнээс СТА Б.Дэлэгдоржийн нэрэмжит шагнал болох Цом, эхний гурван байр, Шилдэг багшийг шалгаруулж шагнаж урамшуулжээ.
Ийнхүү шалгаруулалтын дүнгээр Цэцэрлэгийн насны төрөлд Тавдугаар цэцэрлэгийн "Золбоо" хамтлаг, Зургадугаар цэцэрлэгийн "Мазаалай" хамтлаг нэгдүгээр байрт орж, Шилдгийн шилдгээр Тавдугаар цэцэрлэгийн "Оддын шигтгээ" хамтлаг шилжин явах цомын эзэн болжээ. 1-5 дугаар ангийн төрөлд Эрдэнэмандал сургуулийн 5Б ангийн "Хийморлог багачууд", Номгон сургуулийн 3В ангийн "Монгол донж" хамтлаг бусдыгаа хошуучилж, Номгон сургуулийн 2А ангийн "Золбоо" хамтлаг Шилжин явах цомыг хүртсэн.
Харин 6-9 дүгээр ангийн төрөлд Номгон сургуулийн 6Б ангийн Жавхаа хамтлаг алтан медаль хүртэж, Соого Сейко сургуулийн 8Б ангийн "Вансэмбэрүү" хамтлаг Цомн эзэн болсон, сумдын хамтлагуудаас Баян-Өндөр сумын "Нарны үрс" хамтлаг шилдгээр шалгарчээ. 10-12 дугаар ангийн төрөлд Соого Сейко сургуулийн "Хишигтэн" хамтлраг бусдыга хошуучилж, алтан медалиар шагнуулсан байна. 
                                                                                                                                          Б.Мөнхзул
Холбоотой мэдээ