Жа найрагчийн алдрыг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-19 17:05:44
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Нийгмийн түншлэлийн баг хамтран МЗЭ-ийн гишүүн, "Хүрэн морь" яруу найргийн наадмын найман удаагийн шагналт Долживын Жавхлангийн яруу найргийн цэнгүүнийг хийжээ.
"Үгийн далайд үзэг элээсэн 40 жил" цэнгүүнд нутаг усныхнаас нь гадна Баянхонгор аймгийн Зохиолчдын холбооныхон, ахмад барилгачид урилгаар оролцсон байна. Түүнийг нутгийнхан нь Жа найрагч хэмээн хүндэтгэн авгайлдаг бөгөөд цэнгүүний үеэр яруу найрагч, барилгачин Д.Жавхланг Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбооны "Тэргүүний барилгачин" цол тэмдгээр шагнажээ.
Сумын ЗДТГ-аас яруу найрагч Д.Жавхланг "Номын өргөө"-тэй болгосон бөгөөд Байдраг ахлах сургууль, Соёлын төвийн ажилчин алба хаагчид, нутгийн иргэд түүний зохиол бүтээл, намтар түүхтэй танилцсан байна.
Сонирхуулахад, Жа найрагч Ахуй цэнхэр орчлон, Насны цэнхэр аялгуу, Онгол хөглөсөн нутаг, Ганзага хийлсэн уянга, Амраг цэнхэр орчлон зэрэг номоо хэвлүүлж, уншигч түмний хүртээл болгожээ. Тэднийх 2014 онд Баянхонгор аймгийн "Оюунлаг гэр бүл"-ээр шалгарч байсан юм.
                                                                                                                                                   Б.Мөнхзул
Холбоотой мэдээ