Ч.Хүрэлбаатар: Оюутолгойн гэрээг батлахад би оролцоогүй, нэг ширхэг лиценз төрөөс авч үзээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-18 18:15:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ч.Хүрэлбаатарыг уг албан тушаалд томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Сангийн сайдад нэр дэвшсэнээс хойшхи хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоотой “лиценз наймаалцсан” гэх зэрэг асуудал олон нийтийн сүлжээгээр тархсан. Тиймээс энэхүү томилгооны хэлэлцүүлэг олны дунд хүлээлт үүсгээд байсан юм.

Хэлэлцүүлгийн эхэнд үг хэлсэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад томилохыг дэмжиж байгаа. Харин Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож чадах уу, тийм гаргалгаа олж чадах уу? ОУВС-тай тохирсоны дүнд Б.Чойжилсүрэн Хүүхдийн мөнгө олгох гаргалгаа олж байсан. Үүнээс гадна таныг уурхай, лиценз зарсан гээд ЕТГ-ын дарга З.Энхболд яриад байна. Энэ үнэн юм уу? Хэрэв худал бол энэ хариуцлагатай албан тушаалтай хүн яагаад ингэж ярьж байгаа юм бэ?”

Нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар: “2017 оны төсөвт нийт хүүхдийн 60 хувьд мөнгө олгоно гээд УИХ-аас баталсан. Үүнийгээ Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын гарын үсэгтэй ОУВС-нд ч хүргүүлсэн. Сонгуулийн өмнө өгсөн мөнгө бол Төсвийн тухай хуулийг зөрчсөн асуудал байсан. Хэрэв өгөх байсан бол төсөвт суулгах ёстой. Хэрэв би Сангийн сайдаар томилогдвол ОУВС-тай хэлэлцэх ажилд шуурхайлан орно. Ядуурлын түвшин нэмэгдэж байгаа учир хүүхдийн 60 хувьд олгох ёстойг өшөө нэмэх ёстой. 
З.Энхболд намайг "Рио Тинто төлөөлөгч гэж яриад байгаад тайлбар хийе. 2006 онд М.Энхболд Ерөнхий сайд байхад би Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг ахалж хийж байсан. 90-ээс доошгүй хувь нь монгол ажилчид байх, Монголд инженер техникийн ажилчдыг бэлтгэх зэрэг маш сайн гэрээ оруулж ирсэн ч харамсалтай нь тухайн үеийн УИХ батлаагүй. Дараа нь 2009 онд өөр гэрээ орж ирж баталсан. Тэр үед би байгаагүй. Би хариуцлагатай хэлье. Би болон манай ах нараас нэг ширхэг ч лиценз зараагүй. Би УИХ-д байхдаа нэг ширхэг ч лиценз авч үзээгүй. Төрийн ажлыг төрөөр нь, хувийн ажлыг хувиар нь явуулдаг зарчим манай гэр бүлд бий.

Оюутолгойн мөнгө Монголоор дамжих байсныг болиулсан гэсэн. Тухайн үед баталсан гэрээний үр дагавраас болоод ОУВС-тай тохирсон байсан хөтөлбөр хойшилсон. Тиймээс зээлж авсан мөнгийг төлөхийн тулд УИХ, Засгийн газар, Сангийн сайд нар намайг дуудаад ярилцан Төсвийн байнгын хороотой нэгдэж тэр шийдвэрийг гаргах болсон. Энэ бол хамтын шийдвэр байсан. Би тэр үед над руу олон дайралт ирнэ. Гэхдээ би энэ галыг аваад гаръя, хэл амнаас илүү улсын эрх ашиг чухал гэж хэлж байсан" гэв.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ч.Хүрэлбаатарыг Ерөнхийлөгч зүгээр нэг уул уурхайн лицензийн шалтгаанаар дэмжээгүй гэж бодохгүй байна. Оюутолгойн гэрээг хийхэд та ЗГХЭГ-ын дарга байсан” гэхэд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар “2008 оны 9 сард би Засгийн газрын гишүүн байгаагүй. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр байсан. Оюутолгойн гэрээг С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар гарын үсэг зурж баталж байсан. Би өөрийнхөө гэрээг сайн хийчихээд муутгаж баталдаг тэнэг хүн биш. Би тэр гэрээнд оролцоогүй учир тэр хүмүүсээс асуусан нь дээр. Би ЗГХЭГ-ын дарга байгаагүй, Долгор гэж хүн байсан" хэмээн тайлбар хийв. 

Энэ мэт Сангийн сайдын томилгоотой холбогдуулан хэлэлцүүлэг өрнөж, олон гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлэхээр нэрээ өгөөд байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ