Завханы хүүхдүүд Тусгай олимпийн анхдугаар наадамд амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-18 00:15:32
Завхан/МОНЦАМЭ/. “Ялалт байгуулахад минь туслаач. Хэрэв би ялж чадахгүй бол ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач” уриатай оюуны бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар их наадамд Завханы найман тамирчин амжилттай оролцоод иржээ.
Завханы тамирчин хүүхдүүд спортын дөрвөн төрөлд оролцож Э.Бөхмөрөн жүдо бөхийн 60 кг-ын жинд мөнгөн медаль, н.Жанчивдорж хөнгөн атлетикийн 50 м-ийн гүйлтэд мөнгөн медаль, н.Отгонжаргал хөнгөн атлетикийн 25 м-ийн гүйлтэд мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Тусгай Олимпын Үндэсний анхдугаар их наадмын үеэр тамирчин хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэгүй хамруулжээ.
Тусгай Олимпийн хорооны Завхан аймаг дахь зохицуулагч Л.Олонбаяр, тамирчин Э.Бөхмөрөн Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзах уулзалтад Завхан аймгийн тамирчдаа төлөөлөн оролцсон байна. 2018 оны дөрөвдүгээр сард Завхан аймагт Тусгай Олимпын баруун бүсийн гуравдугаар их наадам болно.  Тусгай Олимпын үнэт зүйл нь “ОРОЛЦОО” юм. Тиймээс Тусгай Олимпын үнэт зүйлд нэгдэн урам дэм өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Дашрамд Монгол Улсын тамирчид 2013 оноос дэлхийн олимпод оролцож эхэлсэн юм. Мөн онд Монголын Тусгай олимпийн хороог байгуулж, түүнээс хойш дэлхийн болон улс, бүсийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн байна.
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Монголын Тусгай олимпийн Үндэсний анхдугаар наадмыг спортын долоон төрлөөр Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Уг наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулах бөгөөд анхдугаар наадамд Улаанбаатар хотын дөрвөн тусгай сургууль, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл, Ховд, Өвөрхангай зэрэг 9 аймгийн нийт 230 тамирчин оролцжээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ