Удирдах албан тушаалтнуудад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-12 18:02:07
Архангай /МОНЦАМЭ/. Энэ онд Архангай аймгийн Засаг дарга Шадар сайдтай байгуулсан гэрээнд аймгийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль дадлага” зохион байгуулахаар тусгагдсан. Тус дадлага сургууль энэ сард зохион байгуулагдана. Бэлтгэл ажлын хүрээнд “Онцгой байдлын үеийн удирдлага” сэдэвт Гамшгаас хамгаалах удирдах албан тушаалтны сургалтыг энэ сарын 5, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Удирдах албан тушаалтны сургалтыг зохион байгуулснаар аймаг, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтанд хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчноо гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэгийг олгож улмаар хүн амыг сургаж бэлтгэх болон дээрх ажлыг удирдан зохион байгуулах чадвар, дадал олгох ач холбогдолтой юм.

Сургалтанд аймгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн дарга, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн удирдлага гээд нийт 100 гаруй хүн хамрагджээ.

Сургалтаар гамшгаас хамгаалах талаар хууль эрх зүйн орчин, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үүрэг, хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, хорио цээрийн дэглэм сахиулах, ослын үеийн удирдлага, гал түймрийн аюулгүй байдал, цаг агаарын мэдээг гамшгаас урьдчилан сэргийлэхэд ашиглах нь зэрэг сэдвүүдээр Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур орчны шинжилгээний газрын удирдлага мэргэжилтнүүд 6 цагийн танхимын сургалт, 8 цагийн штабын дадлага сургууль зохион байгуулсан байна.

Сургалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан ИТХ-аас хөрөнгийг шийдвэрлэсэн зарлан мэдээллийн дуут дохио, 5 ханатай 2 гэрийг Онцгой байдлын газарт хүлээлгэж өгсөн юм. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ