Нөлөөлөх түвшний уулзалт Сэлэнгэ аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-12 09:39:24
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоо” сэдвээр удирдлагуудын түвшинд нөлөөлөх уулзалтыг Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгууллаа.  
Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд аймгийнхаа бүх шатны удирдлагын түвшинд нөлөөлөх уулзалт явуулах нь зүйтэй гэсэн санаачлагыг гаргаж, НҮБ-ын ХАС-нд хандан санхүүгийн дэмжлэг авчээ. Ингээд аймгийн 17 сум, 6 тосгоны Засаг дарга нар, нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэгийн дарга, өрх, сум тосгоны ЭМТ-ийн дарга, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөллүүдийг хамруулсан санал солилцсон уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ нь өнгөрсөн 7 хоногт Сэлэнгэ аймагт болсон бүсийн зөвлөлгөөний дараа үргэлжлэн явагджээ. Бүсийн зөвлөлгөөнд ирсэн Малайзын эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд өөрийн орны Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний талаар илтгэл мэдээлэл сонсгож, шийдвэр гаргагчдад нөлөө үзүүлсэн байна. Мөн уулзалтын үеэр манай хөдөөгийн эмнэлгүүд амьдрал дээр тулгардаг зовлон бэрхшээлээ нуулгүй ярилцсан аж.
Сэлэнгэ аймгийн ЭМС-ын хамт олон нөлөөлөх түвшний уулзалтыг ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Өмнө нь “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хүрээнд шийдвэр гаргагчдын түвшинд нөлөөлөх уулзалтыг зохион байгуулснаар өнөөдөр хөтөлбөр амжилттай хэрэгжих үндэслэл болсон юм. Тиймээс энэ удаад “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нөлөөлөх түвшний уулзалтыг НҮБ-ын ХАС-ын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан нь энэ юм. 
Эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын тогтоол 2017 онд батлагдан гарчээ. Энэхүү хөтөлбөрт “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн чиглэлээр орон нутагт иргэд, олон нийт, салбар дундын хамтын оролцоог сайжруулах нь чухал гэж онцлон тусгасан байдаг байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ